Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.10.17) хуралдаанд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочдод хандан Улсын Их Хурлын нийт гишүүний нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд манай хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ.
Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт улам өргөжин хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд хатагтай Сюзан Лаянс тэргүүтэй Австралийн парламентын гишүүд, төлөөлөгчдөд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилт хүсэн ерөөв.
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.