Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Өглөө оройдоо сэрүүсч өвөл айсуйг нийслэлчүүдэд сануулна. Энэ өвөл харин ахиад л газ, лааны эрэлд гарах вий гэсэн айдас байгаа нь нууц биш. Харин Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 86.8 хувьтай байгааг албаны эх сурвалж хэлж байна. Хүйтний эрч чангарахаас өмнө буюу ирэх сарын 1-нээс цахилгааны үнэ нэмэгдэх тухай “бор шувуу” ч цахим сүлжээнд цахилгаан эрчим хүчний салбарынханы дунд нисэж эхэллээ. Тог цахилгаан тасалдаж байгаа гол шалтгаан ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой. Тодруулбал, станцад гэмтэл гархад тухайн гэмтэл үүссэн хэсэгт тогоор хангах нөөц байдаггүй. Иймээс гэмтлээ засварлаж, дуустал цахилгаанаа хязгаарлахаас өөр сонголт байдаггүй юм байна. Энэ нь зөвхөн одоо яригдаж буй асуудал биш. Сүүлийн хэдэн жил салбарынхан тасралтгүй сануулж байгаа ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрч байсан бол сүүлийн хоёр жил энэ ачаалал буураагүй гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэйг салбарынхан анхааруулж байгаа.

Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын хүчин чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдаж авдаг. Иймээс жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Өнгөрсөн жил 240 тэрбумын алдагдалтай байсан байна. Эрчим хүчний салбар нь төлбөрийн алдагдалд орсон учраас үнээ үе шаттай нэмэхээс өөр аргагүй гэдгийг салбарын сайд нь онцолсон. Эрчим хүчний сайдаар зорилтот түвшинг батлуулдаг 27 төрийн өмчит компани бий. Эдгээрийн 539.6 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр, 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөр байгаа аж.

Т. Хишигт:  Эрчим хүчний салбарын доголдол гамшгийн хэмжээнд хүрсэн

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний инженер Т. Хишигттэй цөөм хором ярилцлаа.

-Ирэх сарын 1-нээс эрчим хүчний үнэ нэмэгдэх асуудал яригдаж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Манай салбарын 95 гаруй хувь нь төрийн өмчийн мэдэлд байгаа. Эрчим хүчний үнэ эдийн засгийн бүх үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Ийм учраас аль ч улс оронд эрчим хүчний үнийг дандаа гол хөшүүрэг болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл, янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж, жишээ нь инфляци өсөх үед эрчим хүчний үнийг төр өөрийн эрх мэдлийг ашиглаад зориуд доогуур хямд барьдаг. Энэ нь тухайн салбартаа хортой байдаг. Ямар ч салбар эдийн засгийн буюу зах зээлийн зарчмаар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл ямар зардал гарч байна үүнийгээ тогтоосон тарифаар олж байгаа орлогоороо бүрэн нөхдөг байх ёстой. Гэтэл үнэ тарифыг нэмүүлэхгүй байх нөлөөллийг Засгийн газрын зүгээс үзүүлж, үнээ шаардлагатай цаг хугацаандаа нэмэхгүй байхаар энэ салбар алдагдал ордог. Төрийн өмчит компаниудын хувьд хэдэн төгрөгийн ч алдагдалтай байсан дампуурахгүй үйл ажиллагаа нь үргэлжлээд явж болоод байдаг гэсэн ойлголттой байдаг. Тодорхой хугацаанд зогсоож засвар үйлчилгээг нь хангалттай хийх боломж маш хомс байна. Үүнээс болж үндсэн тоног төхөөрөмж их хэмжээгээр элэгдэж байна. Байгаа мөнгөндөө тааруулж багахан хэмжээний зайлшгүй шаардлагатай, засвараа хийдэг. Үүнээс улмаас тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах байдал нь буурдаг.

-Үе үе тог тасраад байгаа нь засвар үйлчилгээ муу хийгдсэн холбоотой юу?

-Өвөл гадаа -40 хэмийн хүйтэн байх үед станцуудын аль нэг үндсэн тоноглолд гэмтэл гарч аваараар зогсоод ирэхээр юуны өмнө үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээ ихээхэн буурдаг. Мөн дулааны шугам сүлжээгээр байшин барилгыг халааж байгаа халаалтын усны температурыг хэвийн хэмжээнд барьж ажиллаж чадахгүй болдог. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хангамж доголдож эхэлдэг. Ингэж доголдох нь их аюултай. Доголдол их даамжирвал гамшгийн хэмжээнд хүрнэ. Цахилгаан эрчим хүч өнөөдөр хүн төрөлхтөний хувьд ус агаарын дараа орох анхдагч хэрэгцээ нь болчихсон. Цахилгаан тасарчихаар бараг бүх юмс зогсож, ямар ч үйл ажиллагаа явагдах боломжгүй болдог. Цахилгаан эрчим хүчний хангамжийг хүнс болон бусад бараа материалын хангамжтай адилтган авч үзэх боломжгүй байдаг.

-Цахилгаан эрчим хүчнийхээ асуудлыг яагаад цаг тухайд шийдэж байгаагүй юм бол?

-Эрчим хүч бол үйлдвэрлэсэн даруйд хэрэглээ нь байнга зэрэгцээд явж байдаг. Тухайлбал, 24 цагийн турш шуурхай ажиллагааны алба ажиллаж эрчим хүчний системын горим ажиллагааг удирдаж зохицуулдаг. Эрчим хүчний салбарын хувьд байнга тасралтгүй ажиллахаас гадна үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хүчин чадлыг нь өргөтгөн нэмэх ажлыг цаг тухайд нь хийж явахгүй бол маш эгзэгтэй хүнд хэцүү нөхцөлд байдал ордог тийм л эмзэг салбар юм.

Төр засгийн зүгээс харамсалтай нь сүүлийн хэдэн жил эрчим хүчний салбарын энэхүү хүнд нөхцөл байдлыг ойлгож дорвитой арга хэмжээ авч дэмжлэг үзүүлэхгүй, салбарын мэргэжилтнүүдийнхээ үгийг сайтар хүлээн авч сонсохгүй явсантай холбоотой.

–Эрчим хүчний салбарын алдагдалтай байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ ?

-Манай салбарын алдагдалд ордог нэг шалтгаан байдаг. Тэр нь юу вэ гэвэл орлого нь төгрөгөөр ордог. Харин ихэнх зардал нь ам.доллар гардаг. Төгрөг ам.долларын ханш асар их зөрүүтэй учраас алдагдал бий болж байгаа. Одоо орлогоороо зардлаа нөхөж чадахгүй байгаатай холбоотой.

-Энэ салбар үнэ нэмэхээс өөр аргаар алдагдлаас гарах боломжтой юу?

-Иргэд кабелийн телевизийнхээ төлбөр, гар утасныхаа төлбөр, дата ашигласан төлбөрөө өндөр үнэтэй байна гэж гомдоллохгүй төлөөд байж болоод л байдаг. Харин цахилгаан, дулааны төлбөр нэмэгдэнэ гэхээр хүндээр хүлээж авдаг. Тариф нэмэгдсэнээр цахилгааны төлбөр айл өрхийн хувьд нийт орлогынх нь хэдэн хувийг зарцуулахаар болж байна гэдэг тооцооллыг Эрчим хүчний зохицуулах хороо хийдэг. Цахилгааны төлбөр нэмэгдсэн нөхцөлд хэрэглэгчид цаашид цахилгааны хэрэглээгээ хэрхэн зохицуулж, хэмнэлтэй хэрэглэх вэ гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй болно. Цаашдаа Монгол Улсын хувьд цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсээр байх хандлага харагдаж байна. Шинэ цахилгаан станц барихад асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Мөн ашиглалтад орсон цахилгаан станцууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тариф нь өртөг зардлаа бүрэн хаах хангалттай өндөр хэмжээнд байх шаардлагатай. Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ болон дулааны шугам сүлжээнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөж байж ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэглээг хэвийн хангах нөхцөлийг бүрдүүлж чадна. Тэгэхээр бид ирээдүйдээ илүү өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалтай байна. Олон жил ажиллан элэгдэж хуучирсан цахилгаан станцуудын хувьд цаашид хэвийн найдвартай ажиллана гэсэн баталгаа байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эрчим хүчний үнэ нэмэх гэж яриад байна. Энэ чинь угтаа үнэ нэмэх биш, харин санхүүгийн алдагдлыг нь бууруулах. Цаашлаад алдагдалгүй болгох арга хэмжээ авч байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм.

–Ярилцсанд баярлалаа

- Шинэ
- Хандалттай