Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөжээ. Энэ наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой аж. Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад улс, нийслэлийн 85 сургуулийн 5780 сурагч оролцжээ. Харин хоёрдугаар шатанд 25 сургуулийн 1300 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулжээ.