horoscope
horoscope
horoscope
userAngarag

Ц.Лувсандорж: Монгол Улс багшийн дутагдалд ороогүй

post-img

Монгол Улс 4200 орчим багшийн хомсдолд орсон. Иймээс Боловсролын яамнаас энэ хомсдолыг нөхөх зорилгоор багшлах хүсэлтэй иргэдийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэрийг  гаргасан. Энэ шийдвэрийг Монголын багш нарын холбооноос эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Энэ үеэр Монголын багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Лувсандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаа шалтгаанаа тайлбарлаач

-Боловсролын сайдын 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрийн А164 тоот тушаалын хавсралтаар баталсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох” журмыг хүчингүй болгохоор захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Шүүхэд хандах таван үндэслэлээр хандаж байгаа. Тухайлбал, энэ журам нь багшийн нэр хүнд үнэлэмжийг бууруулж, сурагчийн сурч боловсрох эрх, нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа гэдэг үндэслэлээр хандаж байгаа. Багшийн эрх зүйн байдал хуульчлагдаагүй холбоотой. Иймээс энэ асуудлыг шүүхээр хэлэлцэж хүчингүй болгох хэрэгтэй гэсэн байр байна.

Боловсролын сайд 4000 орчим багшийн дутагдалтай байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Одоогоор хэчнээн багшийн дутагдалтай байгаа вэ?

-Монгол Улс багшийн дутагдалд ороогүй. Өнөөдөр багшийнхаа ажлыг хийхгүй байгаа хүмүүс зөндөө байна. Багш мэргэжил олон тал руу хөрвөж болдог. Багш нар өндөр цалинтай газар ажиллах гэж өөр салбар руу явж байна. Багшийн дутагдлыг хэрхэн арилгах вэ гэхээр эхлээд үнэлэмжээ дээшлүүлэх, сургуулийн орчин мэргэжлийнхээ ажлыг хийх боломжийг хангаж бүрдүүлэх хэрэгтэй. Багш нар 15-25 хүүхэдтэй ажиллах ёстой. Гэтэл одоо манай багш 35-45 хүүхэдтэй ажилладаг. Олон  хүүхэдтэй ангид туслах багш ажиллах ёстой. Гэтэл манайд зүйл байхгүй.  Сүүлийн 30 жилийн хугацаанд ажилласан сайд нарын алдаатай үр дагавараас болж олон багшийн дутагдалтай болж харагдаж байна.

 Багшийн хомсдолыг яаж арилгах ёстой вэ?

45 хоногийн сургалтаар багш бэлтгэдэг жишиг дэлхийд байхгүй. Өөр мэргэжлээр суралцсан хүн хөрвөх сургалтад хоёр жил суралцаад багш болох боломжтой. Монгол Улсад багшийн хомсдол орсон судалгаа байхгүй. Салбарын яамнаас 20 мянган багш мэргэжлээр ажиллахгүй байна гэдэг мэдээ баримтыг гаргасан . Өнөөдөр 20 мянган багш ямар шалтгаанаар багшаар ажиллахгүй байгаа нь цалин хөлстэй холбоотой. Мөн багшийн бие даасан байдал алдагдсан. Багш мэргэжлийн эрх нь хамгаалагдаагүй, багш бэлтгэх асуудал, үйл ажиллагаанд баримталдаг зарчим, мэргэжил дээшлүүлэх үнэлэлт дүгнэлт, үүрэг хариуцлагын асуудлыг бие даасан хуулиар зохицуулагдаагүй холбоотой.

Багшийн дутагдлыг шийдвэрлэхийн тулд багшийн нэгдсэн бодлого, цалин хөлс үнэлэмжийг дээшлэх шаардлагатай. Дэлхийд байхгүй жишиг тогтоож, түр хугацаанд гэдэг нэрийн дор багшийн мэргэжлийг үнэгүй болгож байгаад харамсаж байна.  Багш мэргэжлийг сулруулж байгаа нь цаашид гарах үр дагавар ямар вэ гэдгийг мэдэхгүй байна.  Багшийн ажлыг 45 хоногийн хугацаанд сурч хийдэг ажил биш.

-Багшийн ажлын 45 хоногийн хугацаанд сураад ажиллах боломжгүй гэж байна. Дутагдалтай орон тоон дээр ахмад  багш  ажиллуулах боломж бий юу?

 -Тодорхой хэмжээнд багшийн орон тоонууд байгаа. Монгол багш нарын дутагдалтай байна гээд 45 хоногийн сургалтаар биш, 45 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан багш нарын цагийн зохицуулж ажиллуулах боломжтой. Гэтэл 45 хоногийн сургалтаар багш нарыг бэлтгэнэ гэдэг нь буруу зүйл. Энэ шийдвэрийг анх гарахад монголын багш нарын холбоо эсэргүүцсэн. Өнөөдөр тэтгэвэр авдаг багш нар ажиллах гэхээр нэмэлт орлого авч байна гээд үнэлгээг нь  буурдаг. Иймээс багш нар ажиллах сонирхолгүй байна. Багш мэргэжлийг үнэ цэнэггүй болголоо.

-Багш нарын ёс зүйн асуудал сүүлийн үед их яригдаж байгаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна?

-Багшийн ёс зүйн асуудал яригдаж байгаа. Хэт ачаалалтай ажиллаж байгаа учраас алдаа гарах асуудал цөөнгүй байна. Тухайлбал, цэцэрлэгийн нэг анги байх ёстой хүүхдийн тоо хоёр дахин их болчихсон. Сургуулийн нэг ангийн хүүхэд 35-50 байхад нэг багш яаж хүрч ажиллах вэ. Тэвчээрийн хязгаар нь алдагдаж, мэргэжлийн ёс зүйгээ мартах асуудал гарч байгааг үгүйсгэхгүй.  Иймээс багш нарын ажиллах стандартын төгс болчхоод багш нарын ёс зүйн асуудлыг хөндөх хэрэгтэй. Монголын багш нар мэргэжлийн орчинд мэргэжлийн түвшинд ажилламаар байна. Өнөөдөр багшийн ажиллах стандарт зөрчигдсөн. Стандартаар 15-30 хүүхэд ажиллах ёстой. Гэтэл их сургуулийн багш нар 35-50 хүүхэдтэй ангид хичээллэж байна. Багш нар 45 минутад 45 хүүхэдтэй ажиллана гэдэг бол үнэхээр хэцүү.

0/1000