Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд хэр олон дуудлага, мэдээлэл ирж байгааг манай сайт сурвалжиллаа. Эрсдэлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдүүдэд Хүүхэд хамгаалах түр байр үйлчилдэг. Энд байх хугацаандаа хүүхэд сэтгэл зүйн, эрүүл мэндийн, нийгмийн, хөгжлийн, боловсролын үйлчилгээнд хамрагддаг. Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн гэх зэрэг шалтгаанаар энд иржээ. Тэднийг хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас болон цагдаагийн байгууллагаар дамжуулан энд авчирдаг байна.
108 дугаарын утсаар үйлчлэх төв 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Тус төв өдөрт дунджаар 500-600 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг 4 дуудлага хүлээн авч, мессеж болон чатботоор харилцан, мэдээлэл өгч байна. Оройн 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага эрс нэмэгддэг ажээ. Өдөрт ирж буй дуудлагын нь ихэнх нь хүүхдийн эрх зөрчигдсөн тухай байдаг байна. Баярын өдөр болон хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин буусан өдрүүдэд дуудлага, мэдээлэл ихэсдэг. Мөн сургууль амарсан үед гэр бүлийн хүчирхийлэл нэмдэг.
Ирж байгаа дуудлага, мэдээллийн 100 гаруй нь хяналтынх байдаг байна. Ийм дуудлага, мэдээллийг харьяа дүүрэг рүү нь шилжүүлдэг. Харин асран хамгаалагч байхгүй, эсвэл аав ээж нь архидан согтуурч хүчирхийлэл үйлдсэн тухай шуурхай дуудлага, мэдээллийг хүлээн аваад, харьяа дүүргийнх нь хамгаалах төвийн ажилтнуудыг тийш нь илгээдэг.Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаа аж.
Тухайлбал, 10-16 насны охид хараа хяналтгүйгээр гэрээс дайжих тохиолдол их гарч байна.
СОГТУУ ЭМЭГТЭЙЧҮҮД “ХҮҮХДЭЭ ХАРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭЖ МЭДЭЭЛДЭГ
Сүүлийн үед ахуйн хүрээний архидалТтай холбоотой гомдол, мэдээлэл ихэсчээ. Гэр бүлийн хүчирхийллээс зугтаж яваад гэмтэж бэртэх тохиолдол их гарч байгаа гэнэ. Гэр бүлийн хүчирхийллийг эрэгтэй хүн үйлдэж, эмэгтэйчүүд өртдөг. Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүд архинд орж, хүүхэд, гэр бүлдээ анхаарахгүй байгаа тухай дуудлага, мэдээлэл их ирдэг болжээ. Согтуу эмэгтэйчүүд өөрсдөө 108 дугаарын утсанд холбогдож, хүүхдээ харж чадахгүй байгаа тухайгаа мэдээлдэг болжээ. Энэ бол хүүхдийг хүчирхийлж буй хэлбэрийн нэг юм. Үүнийг мэргэжилтнүүд үл хайхрах хүчирхийлэл гэж нэрлэдэг.
Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг түр хамгаалах байранд байлгаж, сэтгэлзүйн болон сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг хүүхэд хамгаалах байртай. Харин орон нутгийн харьяалалтай, нийслэлийн харьяа бус хүүхдүүдийг Төв хамгаалах байранд хүлээж авдаг байна. Одоогийн байдлаар 20-иад хүүхэд Төв хамгаалах байранд байгаа аж. Хамгаалах байранд ирсэн хүүхдийн ар гэр болон асран хамгаалагчид нь хүүхдийг 72 цагийн дотор хүлээлгэж өгөх хуультай. Гэхдээ хамтарсан баг хуралдаад, тухайн хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгөх үү, өгөхгүй юу гэдгийг шийднэ. Олон удаа хүүхдийнхээ эрхийг зөрчсөн тохиолдолд хүүхдийг нь өгөхгүйгээр хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийнэ. Үүний дараа хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгөх асуудлыг ярилцдаг юм байна. Заавал хамтарсан баг ажиллуулж байж шийдвэр гаргадаг. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь хүлээж авах боломжгүй бол тухайн хүүхдийг хамгаалах байранд хэдэн сар ч байлгана. Төрсөн ээж нь нас барчихсан, хамаатан, саднаасаа зугтаагаад, гудамжинд 7 сар хоног төөрүүлсэн нэг хүүхдийг хамгаалах байранд авчээ.
7 ХОНОГТ 2123 ДУУДЛАГА ИРДЭГ
Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утасны үйлчилгээний ахлах сэтгэлзүйч Г.Гэрэлтнаран “Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны байдлаар манайд 74 мянган дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнийг зорилтот болон зорилтот бус гэж ангилдаг. Зорилтот бус дуудлагад нь мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж өгдөг. Хүүхдийн эрхийг зөрчсөн тухай дуудлагыг зорилтот гэнэ. Сурагчид сургуульдаа явж эхэлсэнтэй холбоотойгоор дуудлага эрс нэмэгдсэн. Ирж байгаа дуудлагын ихэнх хувийг хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага эзэлж байгаа. Хүүхдийн эрхийг хэн зөрчиж, хэн хүүхдийг хүчирхийлж байна вэ гэдгийг ангилж үзэхэд, 33 хувь нь ээж, 27 хувь нь аав, 40 хувийг нь үе тэнгийнхэн, танихгүй хүн, багш багтаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт 2123 дуудлага ирсэн. Үүнээс хүүхдийн эрхийг зөрчсөн тухай 240, зөвлөгөө болон сэтгэлзүйн анхны шатны тусламж хүссэн 110, мэдээлэл хүссэн 864 дуудлага байлаа. Чатаар 22, мессежээр 42 дуудлага ирсэн. Манайд 0-18 насны хүүхдүүд ирдэг. 3-5 сартай нялх хүүхэд хүлээж авсан тохиолдол ч бий. Өсвөр насны хүүхдүүд олонх нь.
Нийслэлийг бодвол орон нутгаас харьцангуй цөөн дуудлага ирдэг. Манайд ирж байгаа дуудлагын 30-40 хувийг орон нутгийнх эзэлдэг. Аймгууд дотроо хүн ам ихтэй Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Төв аймгаас харьцангуй олон дуудлага, мэдээлэл их ирдэг.
Нийслэлд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс хамгийн их дуудлага, мэдээлэл ирдэг. Эдгээр дүүрэг гэр хороолол болон нийтийн байранд амьдардаг хүн ихтэй. Үүнийгээ дагаад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих нь их байдаг. Эсвэл хүүхдийнхээ хажууд архидан согтуурч, гэр бүл, хүүхдэдээ анхаарал тавьдаггүй” гэж ярилаа.