–Томуугийн дэлгэлтийн үед өвчтөнүүдэд эмийн багц олгоно гэсэн. Үүнийг хэзээ өгч эхлэх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2024 оны 5 дугаар сард тогтоол баталж, өдрийн эмчилгээнд хүүхдийн томуу, томуу төст өвчин, суулгалт өвчнийг өдрөөр хийх эмчилгээний жагсаалтад нэмсэн. Энэ тогтоол 2024 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.
Эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийг үзээд, өвчний байдлыг нь үнэлж, уулгах эмийн эмчилгээ бичиж өгдөг. Эмчийн бичсэн эмийг зарим эцэг эх бүгдийг нь авч чаддаггүй. Монгол Улсад хүүхдийн өвчний дийлэнх хувийг уушгины хатгалгаа эзэлдэг. Өвөл болохоор эмнэлэг дүүрчихдэг. Томуугаар өвчлөх хүүхдийг тоог бууруулах зорилгоор томуу, томуу төст өвчнийг өдрөөр эмчилдэг болсон.
Өрхийн эмч нар хүүхдийг үзэж, өвчний байдлыг нь үнэлээд, тухайн хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэгт үндэслэж, ямар эмчилгээ хийхээ шийднэ. Уулгах шаардлагатай эмийг тухайн өрхийн эмнэлэг уг хүүхдэд олгоно. Хүүхэд болгон харилцан адилгүй учраас биеийн байдал, онцлогт нь тааруулж, эмчилгээ хийнэ. Түүнээс биш, хүн бүрт ханиадны эм тараахгүй.
-Эмчилгээнд шаардлагатай эмийг нь өдөр өдрөөр өгөх үү. Эсвэл хоногоор өгч байгаа юу?
-Өрхийн эмнэлгүүд янз бүрээр шийдсэн байна лээ. Томуугийн өдрийн эмчилгээ хамгийн багадаа 3 хоногийн хугацаатай байх ёстой. Гэхдээ хэд хоног эмчилгээ хийх нь тухайн хүүхдийн биеийн байдал, эмчийн үзлэгээс хамаарна. Өрхийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг 4 дүгээр сараас өдрөөр эмчилж эхэлсэн. Томуу дэгдсэн үед өрхийн эмнэлэг дээр эм, тариа хангалттай байвал хүүхдийг бүрэн эмчлэх боломжтой.
Өнгөрсөн зун суулгалт өвчин туссан хүүхдүүдийг өдрөөр нэлээн сайн эмчилсэн. Үүний үр дүнд суулгалт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо зарим газарт нэлээд цөөрсөн.
-Өдрөөр нэг хүүхдэд хэдэн төгрөгийн эмчилгээ хийх ёстой вэ?
-Өдрийн эмчилгээний өртөг 80 мянган төгрөг байгаа. Энэ мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас өрхийн эмнэлэгт олгоно. Иргэдээс мөнгө авахгүй.
-Өдрийн эмчилгээ хийхдээ амьжиргааны түвшинг харгалзаж үзэх үү?
-Ямар нэгэн шалгуур үзүүлэлт байхгүй. Тухайн хүүхэд харьяа өрхийн эмнэлэгтээ үзүүлээд, шаардлагатай эмчилгээг бичүүлж, эмийн багц авна. Ингээд эмчилгээгээ гэртээ хийнэ. Хэрэв эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол эмнэлэгт эмчилгээ хийнэ.
-Насанд хүргэгчдийн шүдийг даатгалаар үзэхгүй болж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 10 дугаар сард шинэ тогтоол баталж, насанд хүрэгчдийн шүдийг үзэх төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй болгосон. Ер нь олон улсад шүдний тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэггүй.
Манай улсад 2022 он 5 дугаар сараас иргэдээ эрүүл мэндийн эрт ирүүлэгт хамруулж эхэлсэн. Хүүхдээ хүмүүс эрт илрүүлэгт сайн хамруулсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт орсон хүүхдүүдийн 75 хувийнх нь шүд өвчтэй. Дунджаар хүүхэд бүрийн 1-6 шүд өвчтэй, цоорсон байна. Иймээс хүүхдийн шүдийг эмчлэх зайлшгүй шаардлага гарч ирлээ.
ЭМДҮЗ-ийн шинэ тогтоолоор 0-6 насны хүүхдийн 5 шүд, 6-17 насны хүүхдийн 6 шүдийг эмчлэх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн бүх шүдийг тоо харгалзахгүй эмчилнэ. Харин насанд хүрэгчид хариуцлага даах чадвартай, амны хөндийгөө цэвэрлэх чадвартай. Тиймээс насанд хүрэгчдийн шүдний үзлэг, эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй болсон.