horoscope
horoscope
horoscope
userAngarag

Залилагч нарын арга нарийсаж, томоохон сүлжээ дэлгүүрийн нэрийг ашигладаг болжээ

post-img

Бүх төрлийн үйлчилгээг хүмүүс цахимаар амархан авдаг болсон. Үүнийг дагаад иргэдийг цахимаар залилах нь ихэсчээ.

Тухайлбал, Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээж өгнө гэх зэрэг хуурамч зараар иргэдийг залилах нь нэмэгджээ. Мөн телеграм, фэйсбүүк аппликэйшн ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг их үйлдэгдэж байгаа аж. Он гарснаас хойш улсын хэмжээнд 100 мянга гаруй залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 70 орчим хувь нь зөвхөн цахим орчинд үйлдэгджээ. Залилангийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол 318.4 тэрбум болжээ.

АЛИВАА БИЧИГ БАРИМТЫГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА ГАРГАДАГ ГЭДГИЙГ ИРГЭД САЙН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн М.Мөнхгэрэл “Хулгайн гэмт хэргийг ангилж болдог бол цахим гэмт хэргийг ангилан ялгах боломжгүй. Хүний хэрэгцээ шаардлага хаана байна, түүнийг дагаад залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тухайлбал: Төрөл бүрийн зээлийн аппликэйшний эрхийг нэмэгдүүлнэ, ажилд оруулна, жолооны үнэмлэх гаргана, ангилал даруулна, эрх сэргээнэ гэх мэт хүний хэрэгцээ шаардлагатай холбоотой бүх зүйл дээр залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх арга нь нарийсаж, нэмэгдэж байгаа. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Манай иргэд цахим орчинд тавигдсан мэдээллийг сайн нягтлах хэрэгтэй.

Таны мөнгийг өсгөж өгнө, онлайн цагийн ажил, бүх төрлийн үнэмлэх гаргаж өгнө гэсэн зарыг нягталж үздэггүй. Энэ зарын дагуу холбогдоод, асуудлаа шийдэх боломжтой юм байна гэсэн хандлагатай байдаг. Үүнээс болж их хэмжээний мөнгөөр хохирдог. Виз, жолооны үнэмлэх, дипломыг хувь хүн гаргаж өгөх боломжгүй гэдгийг хүмүүс мэддэггүй. Аливаа бичиг баримтыг эрх бүхий байгууллага гаргадаг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Тухайлбал: Жолооны үнэмлэхийг хувь хүн гаргах ямар ч боломжгүй. Тусгай сургалтад хамрагдан, шалгалт өгч, тусгай программ бүхий системд бүртгэж байж жолооны үнэмлэх олгодог. Хэн дуртай нь хийдэг зүйл биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Залилагч нарын арга нь нарийсаж, томоохон сүлжээ дэлгүүрийн нэрийг ашиглаж, цагийн ажил хийлгэнэ гэсэн зар их гардаг болсон. Гэвч томоохон сүлжээ дэлгүүрийн албан ёсны вэб сайт руу ороод үзэхээр ямар ч зар байдаггүй. Холбогдоод асуухаар тухайн байгууллага уг зарыг тавиагүй байдаг. Гэвч залилагч нар тухайн зарын дагуу хандсан хүнээр цагийн ажлын анкет бөглүүлэх замаар хувийн мэдээллийг нь авдаг. Мөн цахим орчинд лайк, шэйр хийлгэнэ гээд энгийн зүйл санал болгож, мөнгө байршуулах санал тавьдаг. Хэрэв та болзлоо биелүүлж чадвал таны мөнгө тодорхой хувиар өсөх боломжтой гэх мэтээр иргэдийг залилж байна. 39 удаагийн гүйлгээгээр 195 сая төгрөг залилуулсан тохиолдол ч байгаа” гэлээ.

ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРДАГ ЭМЭГТЭЙЧҮҮД ИХЭВЧЛЭН ЗАЛИЛУУЛДАГ

Иргэд залилуулснаа хэзээ хойно мэдэж, цагдаад ханддаг. Шалгаад үзэхээр тухайн этгээдүүд хүмүүсээс залилсан мөнгөө олон данс дамжуулан шилжүүлсээр гадаадын банкин дахь дансанд шилжүүлж авсан байдаг байна. Эсвэл мөрийтэй тоглоом тоглоод, үрчихсэн байдаг аж. Энэ оны эхний 9 сарын байдлаар залилах гэмт хэргийн 50 гаруй хувийг илрүүлжээ.

Ийм гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-45 насныхан ихэвчлэн үйлддэг байна. Харин хохирогч нь 25-аас дээш насны хүмүүс байдаг. Ерөнхийдөө 3 хохирогчийн 2 нь эмэгтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүд тэдний олз болж, хохирдог байна.

26
0/1000