horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

post-img

Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага тус тус хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү техник туслалцааны төсөл нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд ин гэх дээ үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн аргачлалыг нэвтрүүлэх замаар төсөв, санхүүгийн удирдлагыг хөг жүүлэх, улмаар нийгмийн бүхий л давхарга, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн хөдөл мөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд шууд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм.

Ерөнхий сайдын зөвлөх асан Б.БАТБААТАР:

“Манай улс 5 жилээр төлөвлөдөг байсан. ОХУ 2036 он хүртэлх, БНХАУ бол 2049 он хүртэлх, Япон улс 100 жилээр урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулчихсан мөрдөж байна. Тэд улсынхаа хөгжлийг хоорондоо уялдаатай, нэгдмэл байдлаар урт хугацаагаар харж төлөвлөдөг. Тиймээс манай улс салбар бүрийн эрдэмтэн судлаачид, нийгмийн олон талын оролцогчийг хамарсан хэлэлцүүлэг хийж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгээ анх удаа боловсруулсан юм.”

Гучин жилээр төлөвлөсөн урт хуагацааны бодлогын баримт бичигт тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд арван жилээр төлөвлөсөн Дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдээ эхнээс нь боловсруулаад явж байна. Цаашлаад Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө таван жил, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жил, Улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөө гэсэн шатлалаар манай улс төлөвлөгөөгөө боловсруулж байна

Дээрх дөрвөн түвшний зорилго, зорилтуудын босоо, хэвтээ чиглэлийн уялдааг хангах шинэ аргачлалуудыг боловсруулахад “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл дэмжлэг үзүүлээд байна.

Шинэ зорилго, зорилтод менежментийн шинэ аргачлалаар хүрнэ

Монгол Улс урт, дунд, богино хугацааны зорилго, зорилтууддаа хуучин аргаар бус хөгжсөн орнуудын хэрэгжүүлж, амжилтанд хүрсэн үр дүнд суурилсан менежментийн шинэ аргачлалыг ашиглаж, хөгжлийн замын зургаа гаргаж эхлээд байна. Үр дүнд суурилсан менежментийн аргачлал нь үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт тайлагналт, зохицуулалт гэсэн циклээс бүрддэг. Тухайн салбарын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хөтөлбөр бүр дээд эрэмбийн зорилго, зорилт, үр дүн рүү чиглэх нь энэхүү менежментийн аргачлалын гол онцлог юм. Энэ аргачлалыг манай улс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх салбарт нэвтрүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх зорилгын хүрээн дэх хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтдоо хүрэхээр ажиллаж байна.

Үр дүнд суурилсан менежментийн үе шатууд

УИХ-ын гишүүн С.ЗУЛПХАР:

“Үр дүнд суурилсан менежментийн аргачлал нь төсвийн төлөвлөлт, санхүүгийн удирдлага, төсөл хөтөлбөрийн удирдлагын хувьд чухал арга хэрэгсэл юм.”

БОДЛОГЫН ЗОРИЛГУУДАД ХҮРЭХЭД САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

“Алсын хараа 2050”-д зааснаар дундаж давхаргыг бүрдүүлэхээр зорихдоо хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаа. Энэ нь дан ганц нэг яамны хийх ажил бус тухайн салбарын яам тус бүр энэ үр дүнд хүрэхэд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлно гэсэн үг юм. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд бодлого төлөвлөлт болон хэрэгжилтийг хангах гэсэн хоёр чиглэлд ажиллаж байна. Бодлого төлөвлөлтийг хангах хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж бэлэн болгожээ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд дараах зарчмын өөрчлөлтүүдийг хийхийг зорьж байгаа аж.

Үүнд:

  • Макро эдийн засгийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах,
  • Мөнгөний бодлого хөдөлмөр эрхлэлтийн бодлогын уялдааг ханган зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
  • Хөгжлийн бодлогод суурилсан, үр дүнд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх,
  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжсэн байх,
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг кейс менежментэд суурилсан, ажилгүйдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, хөдөлмөр эрхлэлт болон аж ахуй эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн байдлаар илүү өргөн хүрээнд олон хэлбэрээр үзүүлэх,
  • Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйлчилгээний чиг үүргийг илүү дэмжих,
  • Хөдөлмөр эрхлэлтийн салбарыг даатгалын тогтолцоотой холбох боломжийг нэмэгдүүлэх гэсэн өөрчлөлтүүд тус тус багтаж байна.

Хөдөлмөрийн эдийн засагч Д.НАРМАНДАХ:

 “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжихтэй холбоотой Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг томъёолох, зохицуулах, хэрэгжүүлэх, хэн хариуцах, ямар үүрэгтэй байгууллага байх вэ зэргийг зохицуулсан биеэ даасан бүлэг оруулах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан.”

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд төрийн албан хаагчдын бүтэц орон тоо, ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж, кейс менежментийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн үйлчилгээ авахаар ирсэн иргэнийг энэ салбарын аль ч мэргэжилтэн өөрийн хариуцсан нарийвчилсан чиглэлээс үл хамааран үйлчилгээ үзүүлэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл иргэн “Яг энэ ажлыг хариуцсан мэргэжилтэн чөлөө авчихсан байгаа, өвчтэй байгаа” гэсэн хүнд суртлын тайлбарыг төрийн албан хаагчаас сонсохгүй болж байгаа бөгөөд ажлын байран дээрээ байгаа мэргэжилтэн бүр иргэнд шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэнтэй ганцаарчлан ярилцаж, иргэний өөрийгөө илэрхийлэх чадвар, кареерийн хөгжил дэвшлээ тодорхойлох, тухайн ажилд амжилттай дасан зохицох зэрэг суурь ур чадваруудыг нь дэмждэг хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ хийх аргачлалыг нэвтрүүлжээ. Ийнхүү үнэлгээ хийснээр иргэнийг тогтвортой хөдөлмөр эрхэлдэг болтол нь дэмжих төлөвлөгөө боловсруулж, мөрдүүлдэг бөгөөд энэ аргачлалыг дэлхийн олон улс орнууд түгээмэл хэрэглэдэг юм. Манай улс 2022-2023 онуудад 20 мянга гаруй иргэний үнэлгээг хийж, төлөвлөгөө гаргасан мэдээллийг Ejob.gov.mn дээр төвлөрүүлээд байна.

Ажил мэргэжлийн зөвлөх А.АМАРЗАЯА:

“Энэ жил 19,408 иргэнд профайлинг хийсэн бөгөөд энэхүү дата дээрээ бид дүн шинжилгээ хийж байна. Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн дүр зургийг нарийвчлан тодорхойлж, цаашид авах арга хэмжээндээ ашиглах нь төслийн чухал үр дүн юм.”

“Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн зүгээс хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо, загварыг сайжруулах зорилгоор дөрвөн арга хэмжээг 2022 онд туршиж үзжээ. Үнэлгээ хийж, төлөвлөгөө гаргаснаар тухайн иргэн цалин хөлстэй хөдөлмөр эрхлэх зорилготой бол дараах үйлчилгээ, арга хэмжээнээс сонгон үзүүлнэ.

Үүнд:

  • Ажилд зуучлах
  • Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох
  • Хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах
  • Байнгын ажилд орох хүртэл орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор түр ажлын байрны боломжуудыг танилцуулах
  • Иргэн хөгжлийн бэрхшээлтэй бол тохирох хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлуудыг тус тус хийх юм.

АЖИЛ ОЛГОГЧДЫГ ДЭМЖИХ ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Ажилд орж чадахгүй байгаа иргэнийг ур чадвар олгохоор дадлагажуулаад тогтвортой ажлын байраар хангаж байгаа тохиолдолд ажил олгогч аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас эхлүүлжээ. Хэрэв ажил олгогч тухайн хөдөлмөр эрхлэгчийг 1-5 сар хүртэлх хугацаанд тогтвортой ажлын байраар хангасан бол тэргүүлэх салбар эсэх, хот, орон нутаг хаана байрлаж байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан сард 660,000-990,000 хүртэлх төгрөгийн дэмжлэгийг төрөөс үзүүлэх юм байна.

ДЭЭД ЭРЭМБИЙН БОДЛОГЫН БОДИТ ҮР ДҮНГ ХЭМЖИХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Хөдөлмөр эрхлэлтийн салбарынхан аливаа нэг аймаг, дүүрэгт ажил хийх хүсэлтэй байгаа иргэн тус бүрт тохирсон үйлчилгээг үзүүлдэг болсноор аймаг, орон нутгийн онцлогт нь нийцүүлээд төсвийг уян хатан хуваарилах боломж бүрдэж байгаа ажээ. Үр дүнгийн үзүүлэлтийг төсвийн үзүүлэлтэйгээ нэгтгэн уяж өгснөөр эргээд төсөвлөсөн хөрөнгийг хэр үр дүнтэй зарцуулсныг хянана гэсэн үг. Мөн кейсээр ийнхүү ажиллах нь бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдэд дээд эрэмбийн бодлогын бодит үр дүнг хэмжих болом бүрдэж байгаа юм. Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн салбарт үр дүнд чиглэсэн, үр нөлөөтэй, нотолгоонд суурилсан бодлого, төсвийн уялдааг хангах төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог бүрэн циклээр нь нэвтрүүлж эхэллээ. Мөн бодлогыг сайжруулах замаар хөдөлмөр эрхлэх чадавх, боломжийг нэмэгдүүллээ. Эдгээр ажлуудын үр нөлөөгөөр хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, эрэлтэд нийцсэн байдлаар хүргэх, мөн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, инститүцийн чадавх бэхжих үндэсний хэмжээний үр дүн эхнээсээ гараад байна.

Энэхүү нийтлэлийг Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэй бэлтгэв.

61
0/1000