–Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Аяны талаар мэдээлэл өгвөл?
-Баярлалаа, Танд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн ерөнхий газар болон CU, GS25 конвиниенс дэлгүүрүүд хамтран “Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүлээд байна. Энэхүү аян нь нийтийн соёл ёс суртахууныг дээшлүүлж, илүү эелдэг, бусадтай илүү хүндэтгэлтэй харилцдаг сайхан нийгмийг бүтээхэд чиглэж байгаагаараа онцлогтой.
–CU компанийн тухай товчхон танилцуулбал, аяныг дэмжин орох болсон гол шалтгаан юу байв?
-CU Конвиниенс дэлгүүр нь 2018 оны 08 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 420 гаруй салбар, 3000 гаруй ажилтантай. Манай байгууллага өдөрт 250,000 гаруй хүнд үйлчилж өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Манай байгууллагын хувьд нийгэмд хүмүүсийг бусадтай харилцахдаа эелдэг, хүндэтгэлтэй харилцдаг байх нь чухал гэж үздэг. Нэг жишээ дурдвал, бид үйлчлүүлэгчидтэйгээ “Мэндчилэх” соёлыг анх нэвтрүүлэх үед үйлчлүүлэгчид гайхаж хүлээн авдаг байсан ч удалгүй энэ нь манай үйлчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг болсон л доо. Ингээд бид энэ туршлага дээрээ үндэслээд “Соёл танаас эхэлнэ” аянд нэгдэж ахин нэг эерэг нөлөөллийг бий болгох, соёлтой нийгмийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгээд энэ аянд нэгдсэн.
–Танай байгууллагын цаашдын зорилго?
-Манай компани нь олон нийтэд нээлттэй компани учраас бизнесээ амжилттай эрхлэхээс гадна нийгмийн сайн сайханд эерэг хувь нэмэр оруулах ажлуудыг тасралтгүй хийх, өдөр бүр хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн чанартай бүтээгдэхүүн, хурдан шуурхай, эелдэг үйлчилгээг хүргэхийг зорьж ажилладаг.
–Танай байгууллага соёлыг түгээх гээд түүчээлж буй байгууллагуудын нэг л дээ. Яг үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудал байгаа юу?
-Бид насны хязгаарлалттай бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа хууль эрх зүйн хүрээнд хэрэглэгчийн бичиг баримтыг нь шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлдэг юм л даа. Энэ үед зарим хэрэглэгчид маань бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, дургүйцэх, сөрөг хандлага гаргах зэрэг бидний өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулах явдлууд цөөнгүй гардаг. Энэ нь манай ажилтнуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, бүр цаашлаад ажлаас гарах шалтгаан ч болдог юм. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилчдадаа илүү үр дүнтэй харилцааны арга барилыг зааж өгөх сургалтууд зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд насны хязгаарлалттай барааны худалдааны журам, шаардлагыг илүү тодорхой тайлбарлах арга хэмжээ авч байна.
–Аян дуусахад ямар үр дүн хүлээж байна вэ?
-“Соёл танаас эхэлнэ” аян нь бидний хувьд ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт юм л даа. Энэ аяны үр дүнд нийгэмд эерэг өөрчлөлт гарч, хүмүүс хоорондын харилцаа илүү эелдэг, хүндэтгэлтэй болно гэж найдаж байна. Мөн энэ аян нь нийгмийн соёл, ёс суртахууныг дээшлүүлж, иргэдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Бид нэг ч гэсэн хүнд эергээр нөлөөлж, илүү сайн сайхан нийгэмд итгэх итгэлийг нь төрүүлэхийг хүсэж байна.
–Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.