horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Монголд “Хар баасан гараг”-ийн хямдрал бодитой болдоггүй

post-img

Дэлхийн олон оронд 11 дүгээр сарыг “Их хямдралын” сар хэмээдэг. Учир юу гэвээс бидний сонссон “Хар баасан гараг”-ийн хямдрал энэ сард болдог. Зарим улсад 11 дүгээр сарын эхэн болон дунд үед зад хямдрал зарладаг. Ингэхдээ улс орон бүр харилцан адилгүй өдөр зохион байгуулдаг.

Манай өмнөд хөрш БНХАУ-д 11 дүгээр сарын 11-ний өдөр их хямдралын үе тохиодог бол АНУ-д 11 дүгээр сарын сүүлч буюу Ургацын талархлын баярын дараа “Хар баасан гарагийн хямдрал” эхэлнэ. Ийн жилийн бусад өдрүүдийг бодоход бараа, бүтээгдэхүүн хамгийн их хямдарч, хэрэглэгчид хүссэн, хүлээсэн бараагаа худалдаж авна. Тиймээс 11 болон 12 дугаар сард бараа бүтээгдэхүүний эргэлт ихсэж, худалдааны салбар хамгийн оргил ачаалалтай ажиллана.  

“Хар баасан гараг” гэж нэрлэдгийн учир юу вэ?

“Хар баасан гараг”-ийн хямдрал АНУ-аас гаралтай гэж үздэг бөгөөд тус улсыг дуурайн, бусад улс орон ийм хямдрал зохион байгуулдаг болжээ. Энэ үеэс бусад улиралд худалдаа, наймааны ашиг, орлого харьцангуй бага, санхүүгийнхэн ажил багатай байдаг учир үүнийг нягтлан бодох бүртгэлд улаан өнгөөр тэмдэглэдэг аж. Харин Талархлын баяраар худалдаачдын ашиг өсдөг, санхүүгийнхний ажил ихэсдэг учир энэ үеийг нягтлан бодох бүртгэлд хараар тэмдэглэдэг байжээ. Ийн “Хар баасан гараг” гэх нэр үүссэн хэмээн тайлбарладаг.

Мөн нөгөө талаас их хямдралын үеэр дэлгүүр, худалдааны төвүүдийн ачаалал ихээр нэмэгдэж, ажилтнуудад хүндрэл үүсдэг учраас “Хар” түүнчлэн их хэмжээний хямдрал нь эргээд эдийн засагт хямрал үзүүлдэгтэй холбоотой “Хар” хэмээн тодотгодог байна.

Тэгвэл манай улсад “Хар баасан гараг”-ийн хямдрал ямар болдог вэ?

 “Хар баасан гараг”-ийн хямдрал гадаадын орнуудад жинхэнэ утгаараа болдог. Сүүлийн жилүүдэд манай Монголд энэ жишгээр “Хар баасан гараг”-ийн хямдрал зарладаг болсон. “Өм цөм хямдарлаа. 50-70% бодит амьдрал. Тоо хязгаартай тул та амжиж аваарай” гэж сайхан үгээр маркетингаа явуулдаг. Гэвч энэ үг үнэн байдаг уу? Монгол бараа бүтээгдэхүүнээ өм цөм хямдруулдаг уу? гэвэл худал.

    Жилдээ ганц удаа болдог “Хар баасан гараг”-ийг хүлээдэг хүн манайд ер үгүй. Зад хямдарлаа гэхээр нь л замын түгжрэлд зүдэн ядан очиход, үнэндээ үйлчилгээний байгууллагуудын ам гарсан шиг өм цөм хямдрал байдаггүй.

   Хэрэглэгчдийг төөрөгдүүлж, басхүү үнэмшүүлж, итгэл өгчхөөд цаг заваа зориулан яваад очиход, бараагаа олигтой хямдруулаагүй байдгийг ихэнх хэрэглэгч мэдэх биз ээ. Энд ямар нэг худалдаа, үйлчилгээний байгууллагуудын нэрийг онцолж бичсэнгүй. Тиймээс худалдаа нэг, хоёр хэмээн дурдъя.

“Худалдаа 1“-ийн вэбсайт руу зочилбол “Цөм хямдарлаа. Бүх бараа бүтээгдэхүүн 50-70 хувийн шок хямдралтай” хэмээсэн байв. Ингээд сайтыг доош гүйлгэвэл гарын арван хуруунд багтах үгүйтэй хэдхэн бараа 50 хувийн хямдралтай, бусад бараа нь 10 хувийн хямдралтай байх нь харагдав. Нэг малгай 169.000 төгрөгөөс 10% хямдарч, 152.100 төгрөг болжээ. Харин 364.500 төгрөгийн үслэг хүрэм 272.250 мянга болжээ.

    Тэгвэл АНУ-ын үндэстэн дамнасан компани Амазон дээр 49 долларын үнэтэй подволк 19 доллар буюу монгол мөнгөөр 171.500 төгрөгөөс 66,500 төгрөг хүртэл, тоглоомын ширээ 169 доллароос 74 доллар хүртэл, хутганы ком 345 доллароос 111$ хүртэл бодит хямдрал зарласан байгаа юм.

БНХАУ-д 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хятадын ганц бие хүмүүсийн өдөр”-өөр 24 цагийн худалдаа эхэлмэгц, эхний 90 секундэд л технологийн аварга “Алибаба” нэг тэрбум гаруй долларын борлуулалт хийсэн байна. Худалдан авагчид “Alibaba” болон JD.com гэсэн хоёр том худалдааны төвд ойролцоогоор 132.6 тэрбум доллар үрсэн байна.

Харин АНУ-ын худалдаачид өнгөрсөн жилийн өдийд буюу 2023 оны “Хар баасан гараг”-т онлайн борлуулалтаар 9.8 тэрбум долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 7.5%-иар өсжээ. Тэндхийн зах, худалдааны төвөөр 121.4 сая хүн зочилсон байна.

Ийн хоёр том гүрний их хямдралын үеэр олсон ашиг нь тэрбум доллароор хэмжигдэж байгаа бол манай улсад энэ өдөр хэдэн төгрөгийн худалдаа, наймаа хийсэн нь тодорхойгүй. Тооцож үзэхээр ичмээр тоо гардаг болохоор нуудаг биз. Учир нь Дэлхийн бусад орны жишгээр “Хар баасан гараг”-ийн хямдралаа үзүүлж чадахгүй, хэрэглэгчдээ төөрөгдүүлж, хямдрал гэх үгээр хуурч байна.

   Дэлхийд алдартай АНУ-ын “Форд мотор” компанийг үндэслэгч, анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн болох Хенри Форд “Мөнгөнөөс өөр юу ч хийдэггүй бизнес бол ядуу бизнес юм” хэмээн хэлсэн байдаг. Түүний хэлсэн энэ үг бизнесийн жинхэнэ үнэ цэн ашгаас ч илүү байдаг гэдгийг харуулсан утгатай юм. Тиймээс жилдээ нэг удаа болдог хэмээн тодотгон хэлдэг “Хар баасан гараг”-ийг зарлан явуулах гэж буй бол аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэглэгчдээ төөрөгдүүлж, итгэлийг нь мохоохгүйгээр хэлснээрээ өм цөм хямдруулж чаддаг байх хэрэгтэй. Гадаадынхан шиг хямдарсан шиг хямдрах эсвэл хямдрахгүй байсан нь дээр гэдгийг энэхүү бичвэрээрээ дайя.

46
0/1000