Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.
Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хангах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар иргэдэд тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Монгол хүн баялагтаа эзэн байх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдийгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхзүйн байдал, тогтвортой үйл ажиллагааг явуулах эрхзүйн үндсийг бий болгосон юм. Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Танилцуулгатай холбогдуулан,
- Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,
- “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Жонш боловсруулах цогцолбор”, “Кокс-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,
- Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
- Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.