horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Гашуунсухайтад усны хайгуул хийхэд 900 сая төгрөг шаардлагатай байна

post-img

Монгол Улсын нийт газар нутгийн 11 хувийг хамардаг 29 сав газраас хамгийн их газар нутагтай, гадаргын ус хомс, гүний усаар хэрэглээгээ хангадаг өвөрмөц бүс нутагт Өмнөговь аймаг багтдаг. Тус сав газрын нутаг дэвсгэрийн 37.4 хувийг Өмнөговь, 36.9 хувийг Говь-Алтай, 23.6 хувийг Баянхонгор, 2.1 хувийг Өвөрхангай аймаг эзэлдэг. Тэгвэл Өмнөговь аймгийн Гашуунсухайтад усан хангамжийн найдвартай эх үүсвэр бий болгох асуудал тулгамдаад байна.

2017 онд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангажээ. Өмнө нь тэд Цагаанхаднаас ус зөөж хэрэглэдэг байсан ч хатуулаг ихтэй учир эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсныг тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байжээ. Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор “Говийн-Оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр тус аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ус цэвэршүүлэх, шүүх байгууламж шинээр байгуулсан байна.

Ө.Баянмөнх: 60 км-ийн холоос усаа зөөж хэрэглэдэг

Тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй 250 гаруй иргэдийн ундны усны асуудал үүний үр дүнд хагас хугас шийдэгдсэн юм. Цаашид ч ундны болон ахуйн усан хангамжийг шийдэх хэрэгтэй байгаа юм. Тэгвэл боомтын сэргэлтийн хүрээнд Цагаанхад, Гашуунсухайтыг дамнасан бүтээн байгуулалтуудыг хийхээр зорьж байгаа ч усгүй бол ажил урагшлахгүй нь.

Цагаанхад гэхэд “Оюутолгой”-гоос 70-80 км зайд оршдог. Энд ус хомс учраас үнэтэй. Цагаанхаданд суурьшсан иргэд 20-30 км холоос усаа зөөдөг учраас 1 литр усыг 60 төгрөгөөр, тонн усыг 60 мянган төгрөгөөр авдаг байна. Говийн хөрсөн доор 400-600 метр гүнд байгаа нуурын усыг уул уурхайд ашигладаг. Энэ нуур битүү, зузаан шавар дунд оршдог учир газрын гадарга дээр гарч ирдэггүй. Ургамлын үндэс уг зузаан шаврыг нэвтлэн, уг нуураас ус татан авч чаддаггүй.

Боомтуудыг сэргээн хөгжүүлэх бодлогын хүрээнд зам талбай, барилга байгууламж барихаар төлөвлөжээ. Түүнээс урьтаж усны нөөцийг судлан тогтоох шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эс тэгвээс усгүй барилгыг яаж ашиглах билээ. Усгүй сууринд хэн амьдрах вэ дээ. Өнөөдрийн хувьд ундны болон ахуйн хэрэглээний ус Цагаанхад, Гашуунсухайтад гол асуудал болоод байгаа юм. Энэ талаар Өмнөговь аймгийн удирдлагууд төрийн холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсний эцэст усны нөөцийн судалгаанд 400 сая орчим төгрөг зарцуулахаар болжээ. Гэсэн ч уг мөнгө хүрэлцэхгүй байгаа гэдгийг Өмнөговь аймгийн Хилийн боомтын захиргааны дарга Ө.Баянмөнх онцоллоо.

Орон нутгийн төсвөөс гаргасан уг 400 сая төгрөгөөр усны хайгуул хийлгэхээр тендер зарласан ч нэг ч компани оролцоогүй ажээ. Учир нь энэ хайгуулд 900-гаад сая төгрөг шаардлагатай. Энэ хавиас ус гарахгүй, 100 километрийн цаана усны нөөц байгаа гэж таамаглаж байгаа аж. Иймд орчин үеийн технологи ашиглан, усны нөөцийг судлах хэрэгтэй байгаа юм.

Гашуунсухайтынхан 60 километрийн цаанаас усаа зөөдөг. Одоогоор бүтээн байгуулалтын ажил дууссан ч усаар хангах асуудал үүсжээ. Хайрхан баг худагтай ч ус нь татарчээ.. Уг худгийг гаргахын тулд 200 метрийн гүн өрөмдлөг хийсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Очирбат, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нар Гашуунсухайтад ажиллах үеэр усны нөөцийн судалгааны талаар УИХ, Засгийн газарт уламжилж, шаардлагатай төсвийг шийдүүлэхээр ажиллаж байгаа юм.

0/1000