Чанартай нойр авч чадалгүй шөнө олон дахин сэрэх, эргээд унтаж чадахгүй, унтахгүй олон цагаар хөрвөөх асуудалтай тулгарч буй хүмүүс анхаарлаа нааш хандуулаарай. Хүн ямар шалтгаанаас болж нойргүйдэлд өртдөг талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Нойрны төв”-ийн эмч, хошууч Т.Амартогтохоос тодрууллаа.
–Нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?
Эхлээд нойргүйдэл гэж юу вэ гэдгийг энгийн үгээр тодорхойлж, тайлбарлаж хэлье. Нойргүйдэл гэдэг нь тухайн хүний нойрсох үеийн нийт хугацаа богиносох, унтахгүй олон цагаар орондоо хэвтэх, шөнийн цагаар байн байн олон дахин сэрэх, сэрэх хугацаанаасаа нэлээн эрт сэрэхийг хэлнэ. Ийн нойрны хямрал долоо хоногт гурав буюу түүнээс дээш давтагдан нэг сар үргэлжилбэл хурц хэлбэрийн нойргүйдэл харин үүнээс дээш олон сар жилээр үргэлжилбэл архаг хэлбэрийн нойргүйдэл гэж үздэг.
Нойрны эмгэг нь нойргүйдэл үүсэх шалтгаан болдог. Нойронд хөл үечлэн хөдлөх, мөчдүүд татваганах, чангаар хурхирах, амьсгал тасалдах зэрэг нь нойронд нөлөөтэй байдаг. Үүнээс гадна хамгийн түрүүнд амьдралын дадал, хэвшил нөлөөлдөг. Залуу нас, идэр насны хүмүүс болон бага насны хүүхдүүдийн өдөр тутмын болон унтахаас өмнөх дадлууд маш их нөлөөлж байдаг.
Завгүй амьдрал, технологийн хэрэглээ буюу утас ширтэх, зурагт их үзэх, оюутан залуус шөнийн цагаар сууж хичээл хийх зэрэг нь тухайн хүний амьдралын хэвшлийг өөрчилж, энэ байдал олон давтагдахад нойрны хямралыг үүсгэнэ гэсэн үг.
-Нойргүйдэлд өртөх шалтгааныг хэллээ. Тэгвэл хэрхэн сэргийлэх талаар юу хэлэх вэ?
Хүн тогтмол цагт унтаж байх ёстой. Хэт орой биш, хэт эрт биш. Ерөнхийдөө 21:00-23:00 цагийн хооронд унтах нь зөв. Зарим хүн нь 00, 01 цагт орондоо орж байхад зарим нь 19:00, 20:00 цагт орондоо орсон хэр нь унтахгүй байсаар хөрвөөдөг. Тиймээс хамгийн эхэнд тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Энэ цаг өөрчлөгдөхөд хүн сэрвэлздэг. Мөн шөнө унтаж байгаад олон дахин сэрдэг. Тиймээс ингэж сэрээд байгаа шалтгаан юу вэ гэдгээ олох ёстой. Өөрөө хар аяндаа сэрээд байна уу, эсвэл дээр хэлсэн нойрны эмгэгээс болж байна уу гэдгийг мэдэх шаардлагатай. Ямар шалтгаанаас болж шөнө үе үе сэрээд байгаагаа нойрны бичлэг хийлгэж мэдэх боломжтой байдаг.
-Хүмүүс унтаж чадахгүй байна гэхээрээ хүмүүсийн амнаас сонссон аргыг хэрэгжүүлэх гээд байдаг шүү дээ. Жишээлбэл нэг эм сайн гэвэл тухайн эмийг уух гэхчлэн. Энэ тал дээр мэргэжлийн эмчийн талаас юу хэлэх вэ?
Иргэд дур мэдэн сэтгэцэд нөлөөт эм маш их хэрэглэж байна. Унтаж чадахгүй болохоор эм уугаад унтъя гэсэн бодолтой байдаг. Гэвч нойргүйдэлд авах арга хэмжээ, эмчилгээний үндсэн зарчим нь нойрны эрүүл ахуйн дэглэмийг сахих юм. Нойрны эрүүл ахуйн дэглэмийг сахихгүйгээр дан эм ууж унтах нь буруу.
Мөн байнгын эм уугаад байвал эмийн хамааралтай болж, эмгүйгээр унтаж чадахаа больдог. Нойрны хямрал үүсэж байгаа үед эм уух ёстой юу, уухгүй юу, уувал ямар эм уух, юуг өөрчлөх ёстой вэ гэдгийг мэргэжлийн нойрны эмч мэддэг.
-Чанартай нойр авч сайн унтахын тулд ямар арга авах хэмжээ авах хэрэгтэй вэ?
Зарим хүмүүс орондоо орчхоод 2-3 цагаар сэрвэлзээд байдаг. Тиймээс унтахгүй байвал босоод ном унших юм уу эсвэл ойр зуур юм хийгээд эргээд орондоо орох хэрэгтэй. Шөнө байн байн сэрээд байдаг хүмүүс босонгуутаа цаг хардаг дадалтай болчихсон байдаг. Үүр цайж байна уу гэж хараад байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс шөнөдөө ойр ойрхон сэрээд байгаа нь юунаас болж байгаа вэ гэдгийг мэргэжлийн эмчид хандан үндсэн шалтгааныг тодруулах хэрэгтэй.
-Нойргүйдэлд өртсөн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Нойрны хямрал, нойргүйдэлд орсон хүн ядарна, сульдана, ажлын ачаалал даах чадваргүй болно, анхаарал төвлөрөл буурна. Шөнө богино цагаар унтдаг хүний зүрх дэлсэнэ, толгой өвдөнө, даралт хэлбэлзэх, өдрийн цагаар нойрмоглох зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэгтэй удаан явбал сэтгэл түгшил үүсэж, зан ааш өөрчлөгдөн ууртай, уцаартай болох зэргээр цаашлаад бусад эрхтэн системийн өвчний суурь болдог.
– Чанартай нойр авахын тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?
Хамгийн чухал нь тогтмол цагт унтаж хэвших. Унтлагын өрөө гэрлийг тусгаарласан харанхуй, хөшиг бүрэн хаалттай, дэлгэцийн гэрэлгүй, чимээ аниргүй байх шаардлагатай. Мөн унтлагын өрөөний цонх нь гадны дуу чимээ нэвтрүүлдэггүй, ор тухтай байх ёстой. Түүнчлэн хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарч, унтахаас өмнө юу идэж уух вэ гэдгээ ч анхаарах хэрэгтэй.
Сүүлийн үед хүмүүс өглөө амжихгүй учраас ажлаа тарсныхаа дараа оройн цагаар фитнессээр хичээллэх нь их болсон. Гэвч унтахын өмнө дасгал хийвэл нойрыг сэргээдэг. Иймд унтахаас өмнө биеийн хүчний дасгал хийхээс татгалзах хэрэгтэй. Харин чанартай нойр авахын тулд өдөртөө идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийхийг зөвлөе. Мөн тухайн хүний сэтгэл санаа амар тайван, сэтгэл түгшилгүй байснаар чанартай нойр авч чаддаг.