horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.04) нэгдсэн хуралдаан 11.01 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төслийн талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь … хүчингүй болгох тухай … хууль, тогтоолыг хэлэлцэн баталж болно” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолыг хүчингүй болгох тухай хууль, тогтоол, түүнчлэн “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуулиар Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд Засгийн газар холбогдох төслийг дахин өргөн мэдүүлэхэд төсвийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх цаглавар, төсвийн төсөлд хийх олон нийтийн хэлэлцүүлгийн зохицуулалт хамаарахгүй байхаар заасан.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуультай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг дахин өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тус ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслөө Ёс зүй, дэгийн байнгын хорооны энэ сарын 03-ны өдрийн хуралдаанд танилцуулсан байна. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд, гишүүд санал нэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав.

Ч.Лодойсамбуу гишүүний танилцуулсан Ёс зүй, дэгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, С.Бямбацогт нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга болон ажлын хэсгийн ахлагч, мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаас хариулт, тайлбар авсан юм. Түүнчлэн хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 94 гишүүний 87.2 хувь нь дэмжиж, баталлаа.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0/1000