horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

Хотоороо маск зүүхээс өөр сонголт алга

post-img

Өглөө ажилдаа явах, тараад гэртээ харьж байгаа хүмүүс Улаанбаатар хотын үнэрийг гайхдаг болов. Зарим нь “Гадуур явахад гутлын тос шиг үнэр үнэртэж байна” гэх бол зарим нь “Юу нь мэдэгдэхгүй толгой өвтгөсөн үмхий үнэр үнэртэж байна” гэх зэргээр ярьж байна. Хүмүүсийн үнэрлэх мэдрэмж өөр ч яалт ч үгүй ямар нэг таагүй үнэр Улаанбаатарт байнга тархаж байгааг илтгэнэ.

Ер нь бид өглөө сэрэхдээ, шөнө унтахдаа бүтэн өдөржин, шөнөжин цаг, минут, доль тутамд Улаанбаатарын угаараар амьсгалж байж юу ч болоогүй юм шиг баяраас баярын хооронд амьдарч байгаа нь харамсмаар. Гэвч төр, засаг үүн дээр дорвитой үйлдэл хийхгүй, хийж чадахгүй байгаа нь эмзэглэмээр. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит дүр төрх.

Айл болгонд хүүхдүүд өвдөж, албан байгууллага болгонд ханиадтай ажилчид ажиллаж, эмнэлэг болгоны ачаалал дээд цэгтээ тулав. Үүний ердөө нэг жишээг эмнэлгийн орны ачаалал дүүрч, коридорт хэвтэж байгаа хүүхдүүдээс харж болно. Хүйтний улирал эхлэхээр л хүүхдүүд эмнэлгийн коридороор зулдаг дур зураг жил бүр олон нийтийн санааг чилээдэг ч хариу авч байгаа арга хэмжээ таг.

Хүүхэд, хөгшчүүл ханиад томуу хүрч, эмнэлэгт хүргэгдэж байгаа гол шалтгаан нь агаарын бохирдол, тэр тусмаа Улаанбаатар хотын утаа. Хамгийн ноцтой нь агаарын бохирдлоос болж ураг амьгүй болж, дөнгөж төрсөн нярай жингийн дутагдал, аутизмын шинж тэмдэгтэй хүүхэд, насанд хүрэгчид уушгины үрэвсэл, тархины хүчилтөрөгчийн дутагдал, дархлаа сулрах, уур уцаартай болох, тэнэгрэх зэрэг шинж тэмдэг илэрч байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр онцлов. Эдгээр шинж тэмдэг цар тахлын үеийнхтэй адил түвшинд хүрсэн. Тиймээс “Маскаа зүү. Гадуур хэрэгцээгүй бол гараад ч хэрэггүй” хэмээн сануулжээ. Энэ бол үнэн. Улсаараа, нийслэлээрээ маск зүүхээс өөр арга алга.

Яг үнэндээ жил бүр “Утааг бууруулна. Арилгана. Яндангийн тоог цөөлнө. Гэр хорооллыг орон сууцжуулна” гэж 20 жил ярилаа. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд утааг арилгасан бодит үр дүн гарсангүй. Эсрэгээрээ бүр дордуулав. Хий хоосон ярьсаар 2025 онтой золгох гэж байна гэж бодохоор арай л гомдмоор юм.

Уг нь энэ үед утаа биш, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө, арай өөр асуудал ярьж баймаар. Даанч урагшилдаггүй, ухаардаггүй төртэй болжээ, бид. Ганцхан жишээ дурдъя. Улаанбаатар хотын утааг бууруулна гэж 2019 оноос түүхий нүүрсийг халж, оронд нь одоо хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хүчээр зарсан. Тухайн үедээ л “Тортог гарахгүй, үнэр үүсэхгүй. Хаана ч байхгүй сайн түлш” гэх зэргээр олон нийтийг сэнхрүүлж, молигодож байв. Гэтэл тортог ихтэй, илч муутай, “хамгийн аймаар” нь хүний аминд халтай түлш гэдэг нь тун удалгүй илрэв. Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын өрхүүд түлснээс хойш 10 мянга орчим хүн угаартаж, 3100 гаруй хүн нас барсан гэх харамсалтай тоо бий.

Энэ бол үндэсний хэмжээнд анхаарах асуудал болчхоод байхад УИХ, Засгийн газар, ЭМЯ, ОБЕГ зэрэг төрийн бүхий л шатныхан Улаанбаатарын утаанд анхаарахгүй байгаа нь гайхмаар. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад арай ч ингэж мянга мянгаараа угаартаж, амиа алддаггүй байв. Одоо иргэд залхаж, шантарч, онц байдал зарлах ёстой гэх хүн ч бий болж эхлэв.

Утаанаас салах нь улаанбаатарынхны туйлын хүсэл болсныг эрх баригчид олж харахгүй байв гэж. Тэд үүнийг мэдрэхгүй байна уу? Эсвэл утааг бууруулахыг хүсэхгүй байна уу? Энэ их сонин.

Улаанбаатарын утааг арилгаж байгаа ганцхан л ачтан байна. Тэр нь салхи. Салхи салхилахаар л Улаанбаатар хотын утаа арилах юм. Өвөл болохоор цас ордог гэдэг шиг салхи салхилахаар зарим дарга нар баярладаг биз. Үүнээс өөр утааг бууруулж байгаа шийдэл одоогоор Улаанбаатар хотод алга.

Одоо тэвчээр тасарлаа. Хүлээгээд хүлээгээд нэмэргүй болсон энэ цаг үед амны хаалтаа л зүүе! Үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө өөрсдөө л хичээе! Өөр хүсэх юм үлдсэнгүй. Амны хаалтны ач холбогдлыг хүмүүс мэддэг хэр нь гэрээс гарахдаа мартчихдаг. Уг нь ханиад, томуу их байгаа энэ үед амны хаалт хамгийн том хамгаалалт болох юм. Ядаж л амны хаалтыг тогтмол зүүснээр эм, тарианд зарцуулах мөнгөө ч хэмнэнэ. Тиймээс амны хаалтыг өвдсөний дараа биш өвдөхөөсөө өмнө, бусдад халдвар тараахгүй, бусдаас халдвар авахаас сэргийлж зөв зүүх нь чухал. Жишээ нь: Маск зүүснээр

-Агаарын бохирдлоос хамгаална.  

-Тамхины утаанаас сэргийлнэ.

-Ханиад, томуугаас сэргийлнэ.

-Хүйтэн агаарын нөлөөгөөр хоолой өвдөхөөс хамгаалж, хүйтэн агаарыг бүлээсгэж өгнө.

-Шороо, тоосноос хамгаална.

“Маскны ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй” гэж Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газар анхааруулсан. Тиймээс нэгэнт утаа арилахгүй бол уушгиа аваръя. Уушгиа аврахын тулд маскаа заавал зүүе!

0/1000