Энэ долоо хоногт Волейболын Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөж гуравдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Гуравдугаар тойргийн тоглолт өндөрлөөд хасагдах шатны тоглолтууд үргэлжилнэ. Хоёрдугаар тойргийн төгсгөл хүртэл огт хожигдож үзээгүй байсан SG Hawks эхний хожигдлоо амсаж, Хасу Мегастарстай оноо тэнцэв. Ингэснээр хоёр багийн өрсөлдөөн дахин эхэлж байна. Мөн эмэгтэй лигээс , Энагүрэ тэмцээнээ өндөрлүүлээ. Лигийн хошой аварга цус сэлбэж залуу бүрэлдэхүүнтэй орж ирсэн ч энэ улиралдаа амжилтаа ахиулж чадсангүй. Гэхдээ улирлын сүүлийн тоглолтдоо тэд багаараа жигд байж ялалтаар өндөрлүүлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох тоглолтуудыг тоймлон хүргэе.
Энэ улиралд цоо шинэ өнгө төрхтэйгөөр орж ирсэн өмнөх жилийн дэд аварга “SG Hawks” баг энэ улиралд нэг ч хожигдол амсалгүй 11 тоглолт дараалан ялж 31 оноотой хүснэгтийн тэргүүн байранд явсан. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Спортын төв ордонд хүснэгтийг тэргүүлэгчид “Хасу Мегастарс”-тай улирлын ээлжит тоглолтоо хийв. Тус тоглолт жинхэнэ гал гарсан тоглолт болж “Хасу Мегастарс” хүчирхэг “SG Hawks” багийг буулган авч анхны ялагдлыг нь амсууллаа. SG Hawks багийн хувьд 11 тоглолт дараалан ялж, “Хасу Мегастарс” багийн амжилттай тэнцээд байсан. “Хасу Мегастарс” баг 2019 онд Үндэсний лигийн аварга болохдоо 11 дараалж ялсан амжилтыг үзүүлж байлаа. Үүнээс хойш “SG Hawks” баг энэ амжилтыг давтаад байв. Харин хоёр багийн улирлын хоёрдугаар тойргийн тоглолтод “SG Hawks” ялалт байгуулбал Волейболын Үндэсний дээд лигийн түүхэнд анх удаа 12 дараалж ялалт байгуулсан багаар нэрлэгдэх байв. Тэгвэл тус тоглолтод “Хасу Мегастарс” ялалт байгуулснаар өөрсдийн амжилтыг эвдүүлэхээс зогсоож чадлаа. Хэрвээ тус тоглолтод “SG Hawks” хожсон бол нэгээр гарах нь тодорхой болох байсан. Харин “Хасу Мегастарс” хоёрдугаар тойрогт ялснаар өөрсдөө нэгээр гарах том боломжоо бүрдүүллээ. Ингэснээр хоёр багийн оноо, хожил, хожигдлын харьцаа тэнцэж байна. Хоёрдугаар тойргийн байдлаар хоёр багийн хожил 11, хожигдол 1 оноо 32 болов. Гуравдугаар тойргийн тоглолт флэй оффын байрлалыг шийднэ.
Гуравдугаар тойрогт “Хобби Эйс”-“Улаанбаатар финикс”-ийг 3:0-ээр хожлоо
Хоёрдугаар тойрог ийнхүү ширүүн өрсөлдөөнтэй өндөрлөсөн бол гуравдугаар тойрогт багууд өмнөх тоглолтуудын алдаагаа засаж, илүү нямбай, хүчтэй орж ирлээ. Энэ сарын 19-өөс гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлсэн. Эмэгтэй тоглолтын хувьд хүснэгтийн нэгдүгээр байранд яваа Улаанбаатар Финиксийг Хобби эйс гуравдугаар тойргийн эхний тоглолтод буулгаж авлаа. Өмнөх хоёр тоглолтод хоёуланд нь хожигдоод байсан Хобби эйс гурван ээлжийн тоглолтоо нягт хийж 3:0-ээр тэргүүлэгчдийг буулган авав. Мөн Ховд Ижил Алтай Торгууд-Хашхан Өвөрхангай тоглолт мөн л сонирхолтой болж Ховд Ижил Алтай Торгууд гуравдугаар тойргийн эхний хожлоо авч 13 хожилтой хүснэгтийн нэг рүү орлоо.
Харин эрэгтэй гуравдугаар тойргийн эхний тоглолт “Натур Бакс”, “Төв Миг” багийн хооронд тун өрсөлдөөнтэй өрнөлөө. “Төв Миг” таван сетийн тоглолтод 12:15-ын харьцаатай ээлжит хожлоо авч, нэг болон гуравдугаар тойргийн тоглолтоо 5 сетийн тоглолтоор шийдлээ. Эхний тойргийн тоглолтод “Натур бакс” 3:2-оор хожиж байсан бол сүүлийн тойрогт “Төв Миг” 2:3-аар хожиж оноогоо ахиулж хүснэгтийн 3-р байраа хадгалж үлдлээ. Харин “Натур бакс”-ийн хувьд 21 оноотой хүснэгтийн 4-р байранд бичигдэж байна. Энэ тоглолтын араас “SG Hawks”-“Өмнөговь Энержи”-ийг 3:0 хожиж гуравдугаар тойргийн эхний хожлоо авлаа. Ингэснээр 34 оноотой хүснэгтийг тэргүүлж эхлэв.
Ийнхүү гэрэл түгээе уриатай зохион байгуулагдаж буй Волейболын Үндэсний дээд лигийн шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Net capital, Ачит-Ихт ХХК, Шунхлай групп, Сэрүүн брэнд, Скайтел, GS25 зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.