2024 оны эхээр буюу 1 дүгээр сарын 24-ний шөнө “Дүнжингарав”-ын уулзварт 60 тн гааз тээвэрлэж явсан автомашин зам, тээврийн осол гаргаж дэлбэрсэн. Уг дэлбэрэлтийн улмаас автомашины цистерн буудаж, онцгой байдлын 3 албан хаагч харамсалтайгаар амь насаа алдсан. Мөн ойр орчимд байсан автомашин, орон сууцууд галд өртөж, одоог хүртэл оршин суугчид гэртээ орж чадалгүй түрээсийн байранд шинэ оноо угтах гэж байна. Хэрвээ гахз тээвэрлэж явсан автомашин эсвэл жижиг оврын машины жолоочийн аль нэг нь, нэгэндээ зам тавиад өсгөн бол ийм ноцтой осол болохгүй байв. Энэ осол олон хүнд сургамж болсон, анхааруулсан дохио байсан юм. Гэтэл үүнтэй ижил ноцтой гэмээр үйл явдал өнгөрсөн амралтын өдөр /2024.12.28/ болох дөхжээ.
Нийслэлийн 7 хороо, Гэмтлийн эмнэлгийн орчимд байрлах “М-Ойл” ШТС-ын гадна иргэн “Б” тамхи татаж байжээ. Үүнийг нь харсан түгээгч залуу “Тамхиа боль. Энэ бол галын аюултай бүс” гэж шаардлага тавихад, нөгөө залуу “Чамд ямар хамаатай юм” гэж уурлаж, шатахуун хийж байсан машин руу тамхины ишээ шиджээ. Үүнээс болж маргаан үүсэж, хутга хүртэл гаргаж ирсэн бичлэгийг олон хүн үзсэн байх. Одоо тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар цагдаагийн байгууллага шалгаж байна.
ШТС бол галын аюултай бүсэд ордог. Энэ бүсэд ямар ч байдлаар гал гаргахыг хатуу хориглодог. Шатахуун түгээх станцын ойр орчныг ажиглавал 10 метр зайд авто машинууд зорчиж, олон барилга байгууламж, үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байв. Аз болж аюул холоор өнгөрчээ. Хэрвээ муугаар бодож ердөө нэг хүний болчимгүй үйлдлээс болж гал гарсан бол олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл өндөр байжээ.
Гал бол тоглоом биш. Тэр тусмаа галын эрсдэлтэй бүсэд гал гаргана гэдэг өөрөө хариуцлагагүй үйлдэл юм. Тиймээс цаашид бусдын тавьсан шаардлагыг зөвөөр хүлээж авч, өөрийн эрхийг ярихаас илүү үүргээ хүлээн зөвшөөрдөг, биелүүлдэг баймаар байна. Нэг ёсондоо аливаа асуудалд ул суурьтай хандаж, дараа нь гарах үр дагаврыг тооцож байхгүй бол уураа урдаа баривал, өнгөрсний дараа хашхираад ч нэмэргүй шүү, хүмүүсээ. Уурлахаасаа өмнө эрсдэлээ тооцоолж байя!