Өвөл, хаврын морин уралдааныг Засгийн газрын тогтоолоор 2019 онд хориглосон. Үүнээс хойш 6 жилийн хугацаанд албан ёсоор хавар морь уралдуулаагүй. Үүнээс болж сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүд болон морины туслах нар Өмнөд Монгол руу явж, хурдан морь унадаг болсон байна.
Үүнийг эсэргүүцэж, өнгөрсөн амралтын өдөр уяач нар төв талбайд жагссан. Энэ жагсаалаас хойш “Хаврын морин уралдааныг сэргээх нь зөв, буруу” гэж олон нийт талцаад байна. Уяач нарын хувьд “Хаврын морин уралдаан эртний түүхтэй, бидний өв соёл” гэж ярьж байгаа бол суурин газрын иргэд “Өвөл, хаврын цагт хүүхэд морь унах нь эрсдэлтэй” гэдэг байр суурийг илэрхийлээд буй.
Харин өчигдөр /2025.01.27/ УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хаврын морин уралдаан өв соёлын нэг хэсэг огтхон ч биш” гэж мэдээлсэн нь мөн л олон нийтийг талцуулав. Тэгвэл энэ талаар уяач болон хүүхдийн төлөө байгууллагын байр суурийг хүргэж байна.

Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаяр:
Хаврын морин уралдааныг Монголын өв соёл биш гэж зарим хүн ярьж байна. Энэ бол Монголын өв соёл мөн. Хүннү гүрэн байгуулагдсан үеэс хурдан морь уралдуулж эхэлсэн. Өмнө нь байсан өв соёлоо байгаагаар нь хадгалж үлдэхгүй бол унаач хүүхдүүдээ урагшаа алдах эрсдэлтэй боллоо. Нэг хүүхэд сард дунджаар 2 сая төгрөгийн цалингаар Өвөр Монголд хурдан морь унаж байна.
Хүмүүс их гайхдаг. Яагаад заавал хүүхдээр өвөл морь унуулаад байдаг юм бэ гэж. Өвөл морь уралдуулахгүй бол болдоггүй юм уу?
Энэ бол өвлийн уралдаан биш. Хаврын тэргүүн сар гарснаас хойш уралдаж байгаа болохоор хаврын баяр. Өвөл ямар ч хүн морь уралдуулдаггүй. Цагаан сараас хойш хаврын эхэн сардаа багтаж уралддаг. Уяач нарын зорилго их тодорхой. Хаврын уралдааныг 5 дугаар сарын 1 хүртэл хориглосон. Энэ хугацааг 3 дугаар сарын 1 болгоод өгөөч л гэж байгаа юм. Тэглээ гээд гурван сардаа байнга уралдана гэсэн үг биш. 3 дугаар сарын 1-15-ны хооронд “Дүнжингарав уралдаан” хийх, аймгууд нэг нэг уралдаан зохион байгуулдаг болохыг л хүсээд байгаа юм. Тэгэхгүй бол хориглосон гээд байгаа боловч 10, 20 морь уралдуулдаг хууль бус уралдаан олон байна. Үүнийг хориглохгүйгээр зөвшөөрөөд, нэгдсэн зохион байгуулалттай болгох шаардлагатай.
Өвөл, хавар хурдан морийг хүүхэд биш, томчууд унадаг болгох тухай санал гараад байна. Энэ талаар та юу гэж бодож байна.
Энэ боломжгүй шүү дээ! Анхнаасаа монгол наадамд хол зайд хүүхэд морь унаж уралдаж ирсэн. Эрт дээр үеэсээ уламжилсан уламжлалаараа явна уу гэхээс шууд том хүн унаад уралддаг уралдаан гэж байхгүй! Монгол морьд холын зайд уралддагаараа бусад улсаас ялгардаг онцлогтой.
Өвөл, хаврын морин уралдааныг яагаад хориглох болсон талаар албаны хүнээс тодруулсан юм.

НХГБХХГ-ын хэлтсийн дарга Х.Оюунтуяа:
Өвөл, хаврын морин уралдааныг Засгийн газар 2019 оны 1-р сарын 30-ны 57-р тогтоолоор хориглосон. Маш олон учир шалтгаан, олон судалгаа, хуулийн зүйл заалт дээр үндэслэж, ийм тогтоол гаргасан.
1-рт, хүүхдэд эрүүл мэндийн олон асуудал үүсэж байсан. 1996-2024 оны хооронд 47 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Үүнээс гадна толгой, хөл, гар, сарвуугаа гэмтээсэн олон хүүхэд байдаг. 2024 онд гэхэд 38 хүүхэд бэртэл гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Үүнээс болоод, хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх зөрчигдөж байна.
2-рт, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигддөг. Морин уралдаан зөвхөн нэг өдөр болдоггүй. Нэг уралдаанд уралдахын тулд хүүхэд сунгаа, үсэргээнд явах зэргээр дунджаар 30 хоног зарцуулдаг. Тийм учраас сургуулийн насны хүүхдүүд сурах үйл ажиллагаанаас хөндийрч, боловсролгүй болж үлдэх, үеийнхнээсээ хоцрох тохиолдол олон бий.

3-рт, манай улс дотоодын хууль тогтоомжоос гадна олон улсын хэмжээнд мөрдөгддөг гэрээ, конвенцуудад нэгдсэн. Хамгийн том конвенц болох Хүүхдийн эрхийн конвенцод 1989 онд нэгдэн орсон. Ямар нэгэн конвенцод нэгдэн орсон улсууд тухайн конвенцын шаардлагыг биелүүлэх ёстой. Жишээлбэл: Өвлийн морин уралдаантай холбоотой маш олон удаагийн сануулга манай улсад ирсэн. “Өвлийн морин уралдаан бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрт багтах аюултай хөдөлмөр. Үүнийг хориглох ёстой” гэсэн олон удаагийн зөвлөмж, сануулга ирдэг. Эдгээр шалтгааныг үндэслэж, өвлийн морин уралдааныг хориглосон.
Өвлийн морин уралдааныг хориглосон ч хууль бусаар бооцоот уралдаанууд болдог. Жилд дунджаар хэчнээн уралдаан зохиогддог вэ?
2024 онд 380 гаруй уралдаан улсын хэмжээнд болсон. Эдгээр уралдааны үеэр 280 орчим хүүхэд мориноос унаж, 38 хүүхэд толгой, шилбэ, мөчөө гэмтээсэн.