ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Нийт нутгаар цасны дундаж зузаан ихэнх нутгаар 3-7 см, Баян-Адрага, Норовлин сумын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цастай байна.
Тус аймгийн 18 сумын 89 багт 6.5 сая мал өвөлжиж байгаа аж. 2 дугаар сарын 12-ны байдлаар сумын нөөцөөс Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн суманд 55 тн өвс, 5 тн тэжээл зарцуулж, 845 тн өвс, 517 тн тэжээл үлджээ.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хурлаар 5 бүлэг 30 заалттай ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 293.7 сая төгрөг батлан, хэрэгжүүлж байгаа юм.
Энэ онд Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх зургадугаар сард зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын бэлтгэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.