horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Шатрын дэлхийн аварга болох мөрөөдөлтэй хүүхдүүд хоорондоо өрсөлдөж байна

post-img

Эмэгтэйчүүдийн 50, эрэгтэйчүүдийн 54 дэх удаагийн өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээн анх 1954 онд зохиогдож байснаас хойш жил өнгөрөх тусам уг тэмцээнд орох хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Энэ жилийн хувьд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын 6000 гаруй хүүхдээс шигшигдсэн шилдэг 900 хүүхэд Өсвөрийн шатарчдын улсын аваргын тэмцээнд оролцож байна. Тэмцээн 6 насны 12 ангиллаар зохиогдож байгаа бол Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд багш, эцэг, эхээ дагуулан, нийслэл хотод иржээ. Тэмцээн “Корпорейт конвейшн” центрт 4 дэх өдрөө үргэлжилж байна. Бид шатрын тэмцээнд оролцож буй бяцхан хүүхдүүдээс дараах сурвалжилгыг бэлдлээ.

13 цагийн үед тэмцээн түр завсарлаж, тэмцээнд орж буй хүүхдүүдийн хөл хөдөлгөөн их байлаа. Танхимын булан бүрд орон нутгаас ирсэн хүүхдүүд бэлтгэлээ хийж, багшаасаа заавар, зөвлөмж авна. Ховд, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Завхан аймгаас хүүхдүүд олон ирсэн байлаа. Тухайлбал 2 давхрын шатны доор сууж байгаа эдгээр хүүхэд холын цэнхэр Ховд нутгаас зорин иржээ. Тэд энэ удаагийн тэмцээнд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байна.

10 настай хүү Н: Би долоо тоглоод 3 хожиж, 2 тэнцсэн. Бодохгүй тоглоод алдаад байна. Ер нь туршлага судлах гэж энэ тэмцээнд орсон гэв.

10 настай н.Амгалан хүү “Би багадаа хүмүүжилгүй, зодоонч байсан болохоор ээж маань шатрын дугуйланд явуулсан. Шатраар хичээллээд бага багаар муухай үг хэлэхээ больж, өөрчлөгдөж байгаа” гэж ярив.

Энэ мэтчилэн хүүхдүүд ихэвчлэн аав ээж, ах эгчийгээ дуурайж, шатар тоглодог болжээ. Зарим нь сууж сурч, ухаантай болохын тулд шатраар хичээллэж буйгаа ч хэлж байлаа. Эдгээр хүүхдээс анхаарал татсан нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Оюунлаг” шатрын клубийн тамирчин Э.Энхсар. 12 настай энэ охин аав, хоёр ахыгаа дагаж, шатар тоглож эхэлсэн. Шатраар хичээллээд 6 жил болж байгаа аж. Харин энэ удаагийн тэмцээнд орсон шалтгаан нь аавыгаа баярлуулах гэнэ.

Тэрээр “Манай аав спортын мастер хүн. Ах нар маань олон улсын хэмжээний мастер. Манайх ер нь удмаараа шатарчин хүмүүс. Манай аав аймагтаа шатрын клубтэй. Клуб руу орох шат нь хэт өндөр болохоор аав маань унаад, хөлөө бэртээчихсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Би аавыгаа баярлуулах гэж энэ тэмцээнд орсон. Аав маань “Яарахгүй тоглоорой” гэсэн. Харин би яарч тоглоод, алдаа их гаргасан л даа. Гэхдээ алддаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа засаад илүү сайжраад, ирээдүйд би мэргэжлийн тамирчин болж, улс орноо төлөөлсөн Дэлхийн аварга болно” хэмээн ярив.

Яг энэ охин шиг Дэлхийн аварга болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхдүүд Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна.

0/1000