Өнгөрсөн нэгдүгээр сард нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэх талаар тусгаад байсан.
Тэгвэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд аюултай хог хаягдлыг цэгцэлж, хотыг ногоон, шар бүсэд хуваахаар болжээ. Энэ ажлын хүрээнд ногоон бүсэд стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах, зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглох аж.
Агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух нэвтрүүлж, 95 мянган айлыг дулаалгын төсөлд хамруулахаар төлөвлөжээ.