ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны нэгдүгээр улиралд их хэмжээний мансууруулах бодис хурааж авсан, устгасан тухайгаа өнөөдөр мэдээллээ.
Энэ оны эхний улиралд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 66 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 60 нь Улаанбаатарт, 6 нь аймгуудад үйлдэгджээ. Эдгээр гэмт хэрэгт 24 этгээд холбогдсоны 84% нь эрэгтэй, 16 % нь эмэгтэй.
Нэг ноцтой мэдээлэл нь өвдөлт намдаах эмийг мансуурах зорилгоор ашигласан 13 хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд хуруу, гараа тайруулжээ. Энэ төрлийн гэмт хэрэг анх 2022 оноос эхэлж бүртгэгдсэн байна. Иймд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Батхуяг:
-Монгол Улсын дөрвөн иргэн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм хууль бусаар хил нэвтрүүлж, Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчилсан. Уг эмийг эмч энгийн жороор олгодог. Тухайн эмийг хүүхэд, залуучууд мансуурах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэдэг. Өвдөлт намдаах үйлчилгээтэй учир үүнийг хоногт нэг ширхгийг уух зориулалттай. Гэвч үүнийг 5-10 ширхгээр нь тарианы усанд найруулж, судсаар тарьж байна. Ингэхдээ судасны гадуур тарих, судас бөглөх гэх мэт шалтгаанаар эрүүл мэндээ ноцтой хохироож байна.

Мөн Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах бодис оруулж ирэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулсан мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар хамтран, уг гэмт этгээдийг дайчлан баривчилсан. Уг этгээдийг шалгахад мансууруулах үйлчилгээтэй, 510 гр бодис хурааж авлаа. Үүгээр 2500 хүнийг нэг удаа мансууруулах боломжтой, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис. Тиймээс түүнийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг этгээд өмнө нь ийм гэмт хэрэгт холбогдож, давтан үйлдэж байсан” гэв.