Автомашин нь багтахаа байсан Улаанбаатар хотод зогсоол олдвол ёндоо гэж ярих олон хүн бий. Боломж л гарвал байран дундах зогсоолд ч хамаагүй машинаа байрлуулдаг. Гэтэл тухайн орон сууцны оршин суугчид өөрсдөө машинаа байрлуулж чаддаггүй зэрэг гомдолтой холбоотойгоор орон сууцны СӨХ-үүд байр луу ордог хэсэгтээ чиптэй хаалт хийх болсон. Одоо илүү сайжирч хоёр давхар хаалттай байр олон болжээ. Нэг талаараа оршин суугчдын ая тух, аюулгүй байдлыг бодож байгаа ч нөгөө талаар минут секундтэй амь тэнцэж буй хүмүүст туслахаар очсон онцгой байдлын албан хаагч, эмч, түргэний жолоочид давхар хаалт нь маш том саад болж байна. Өдрийн цагаар хөдөлгөөн их байдаг учраас орж гарч байгаа машинуудыг дагаад аргалаад ордог гэнэ. Харин шөнө оройн цагаар эл хуль байдаг учраас хоёр давхар хаалтууд онгойдоггүй, орцны жижүүрүүд байдаггүй байна.
Нийслэлийн түргэн тусламжийн их эмч Б.Баяндалай:
Давхар хаалтад гацсан тохиолдол нэлээд хэд байдаг. Би өөрөө ч түгжигдэж явж байсан. Орой, шөнийн цагаар хөдөлгөөн багассан үед илүү хэцүү байдаг. Одоо хаалтгүй хотхон гэж бараг байхгүй. Давхар хаалттай болохоор нэг хаалт нь нээгдээд хаагдсаны дараа нөгөө хаалга нь нээгддэг. Тийм болохоор дагаж орох асуудал байхгүй болсон. Хүнд дуудлагаар явж байхад хаалтад гацах шиг муухай юм байхгүй. Оршин суугчдын амар тайван, аюулгүй байдлыг хангаж байна гээд бид нарт давхар чирэгдэл болдог. Би л гэхэд давхар хаалтын голд 40-50 минут саатаж байсан. Нөгөө хаалт нь аль аль талаасаа нээгддэггүй. Тэр үед хамгийн ойрхон машинаа дуудаж өвчтөнөө өгч явуулж байсан.

Яаралтай түргэн тусламжийн жолооч Г.Нямдорж:
Хүн нь ухаангүй, татаад гэсэн дуудлагаар очиж яваад байрных нь гадна талын хаалт дээр 5-8 минут зогсож байсан. Яаралтай үед өвчтөнөө дамнаж зөөх үе байна. Тэр үед машинаа заавал орцны үүдэнд ойрхон байлгаж байх шаардлагатай байдаг.
Өөр нэгэн түргэний машины жолооч “Саруул” хотхонд дуудлагаар явж таарав. Энэ жолооч мөн л чипгүй учраас урсгал сөрж гарч яваа машиныг ухрааж байж хотхон руу орж, яаралтай түргэн тусламж үзүүлжээ.

Яаралтай түргэн тусламжийн жолооч Б.Баяраа:
Орон сууц руу ордог хаалт дээр дунджаар 5 минутын хугацаа алддаг. Наашаа ухарна, тойрно, машин гарч ирэхийг хүлээнэ. Хүний амь нас яригдаж байхад 5 минут ч их хугацаа. Манай нэг машиныг цаг гаруй хугацаанд ийм хоёр хаалтан дунд түгжээд хаячихсан. Хаалтны асуудал ер нь чанга шүү дээ. Хаа сайгүй.