Цахим гэмт хэрэгт хүүхдүүд маш их холбогдож, өртөж байна. Үүнээс хүүхдийг хэрхэн хамгаалах асуудал хууль зүйн байнгын хороогоор яригдсан. Тэгвэл Улсын их хурлын гишүүн Ж.Алдаржавхлан фейсбүүкийг монголд гурван сар хаах санал гаргаад байна.
Тэрбээр, “Фейсбүүк бол зөвхөн хүүхдийн биш, Монголын асуудал болсон. Дуртай нь лайв хийж бараа зардаг, хүнийг доромжилдог хэрэгсэл болсон. Цахим орчинд хүүхдийг гэмт хэргээс хамгаалахад фейсбүүкийн асуудал хүнд байна. Тэгэхээр энэ фейсбүүкийг Монголд гурван сар хааж үзвэл яасан юм. Гэмт хэргийн статистикт яаж нөлөөлөх нь вэ, үр дагаврыг нь харвал ямар вэ? Энэ зөвхөн хүүхдийн орчинд л фейсбүүк хаах тухай ярьсан. Өнөөдөр олон хүн бухимдаж байгаа ч ирээдүйд хязгаарлалт хийх өдөр ирнэ. Монгол улсад болж бүх хэрүүл, хараалын үгийг хүүхдүүд фейсбүүкээс хараад сонсоод сууж байна” хэмээв.
Сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирогч болжээ.