Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хүүхдүүд өөрсдөө мэдэлгүй цахим гэмт хэрэгт холбогдох болов
- 2025/04/17

- 22 өдрийн өмнө

- 5 мин уншина

Хэдхэн жилийн өмнө монголчууд фэйсбүүк гэж мэддэггүй байв. Гэтэл одоо утастай болгон фэйсбүүк нээж, нэг хүн багадаа 1-2 хаягтай болжээ. Монголчуудын дийлэнх нь фэйсбүүкээр хэрэлдэж уралцаж, дуртай нь лаив хийж хүн доромжилж, бараа зарж сурталчилдаг гэх зэргээр хөл толгой нь мэдэгдэхгүй, болсон болоогүй мэдээлэл гардаг болов. Зөв ашиглавал хүнд хэрэгтэй ч буруу ашиглавал хүний эрх зөрчдөг платформ болж хувирчээ. Хамгийн гол нь дамжуулж буй мэдээллийг хэрхэн хүлээн авч, шүүлтүүртэй ханддаг ханддаггүйд л ялгаа гарна. Харин хүүхдүүд энэ олон мэдээллийг хэрхэн хүлээж авдаг бол…

Болсон болоогүй хар бараан мэдээг томчууд хүүхдэдээ харуулж, сонсгохыг хүсдэггүй. Гэтэл тэд томчуудаас нууцаар фэйсбүүк хаяг нээж үздэг болох нь судалгаанаас харагдана. Улсаараа ашигладаг, итгэдэг фэйсбүүк одоо цахим гэмт хэргийн гол талбар болоод байна. Энэ талбарын гол хохирогчид нь хүүхдүүд болсон гэдгийг албаныхан сануулав. Сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40.900 гэмт хэрэгт нийт 459 хүүхэд өртөж хохирчээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг. Үүний 96% нь фэйсбүүк, 89% нь мессенжер ашигладаг гэсэн байна. Харин фэйсбүүк ашигладаг хүүхдүүдийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Тиймдээ ч цахим гэмт хэргээс хүүхдийг хэрхэн хамгаалах талаар хууль санаачлагчид хэлэлцэж, анхаарал хандуулах болов.

Монголчууд Фейсбүүкт амьдарч байна

Тухайлбал: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Фэйсбүүк бол зөвхөн хүүхдийн биш, Монголын асуудал болсон. Дуртай нь лаив хийж бараа зардаг, хүн доромжилдог хэрэгсэл болсон. Цахим орчинд хүүхдийг гэмт хэргээс хамгаалахад фэйсбүүкийн асуудал хүнд байна. Тэгэхээр энэ фэйсбүүкийг Монголд гурван сар хааж үзвэл яасан юм. Гэмт хэргийн статистикт яаж нөлөөлөх нь вэ, үр дагаврыг нь харвал ямар вэ? Зөвхөн хүүхдийн орчинд л фэйсбүүк хаах тухай ярьсан. Өнөөдөр олон хүн бухимдаж байгаа ч ирээдүйд хязгаарлалт хийх өдөр ирнэ. Монгол Улсад болж буй бүх хэрүүл, хараалын үгийг хүүхдүүд фэйсбүүкээс хараад, сонсоод сууж байна” хэмээв.

13 настай хүүхдүүдийн 90 хувь нь фэйсбүүк хэрэглэж байна

Харин УИХ-ын гишүүн О.Номинчимэг “13 настай хүүхэд насны хязгаарын улмаас фэйсбүүк хаяг нээх боломжгүй байдаг. Гэсэн ч судалгаанд оролцсон 13 хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь фэйсбүүк хаягтай байна. Энэ нь сургуулийн багш нар гэрийн даалгавраа фэйсбүүк групп, чаатаар өгдөг. Тэгээд эцэг эхчүүд аргагүйн эрхэнд хүүхдүүддээ фэйсбүүк хаяг нээж, гэрийн даалгаврыг нь хийлгэж байна. Энэ бол буруу үзэгдэл. Үндсэндээ боловсролын байгууллага буюу сургууль нь эцэг эхтэй харилцах гол хэрэгслээ фэйсбүүк болгон ашиглаж байна. Үүнийг зогсоох шаардлагатай” хэмээв.

13 настай хүүхдүүдийн 90 хувь нь фэйсбүүк хэрэглэж буй нь анхаарах гол асуудал юм. Товчхондоо багш нар фэйсбүүкээр гэрийн даалгавар өгдгөөс хүүхдүүд хүссэн хүсээгүй фэйсбүүкт орох болжээ. Нэг талаараа хүүхдүүдийн утасны хэрэглээ, цахим хэрэглээг багасга, хоригло гэж байгаа ч нөгөө талаар боловсролын байгууллага өөрөө хүүхдүүдэд утас хэрэглэхийг тулгаж буй юм.

Энэ тухай иргэн О ийнхүү ярилаа “Манай хүүхэд 6-р ангид сурдаг, 12 настай. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхийн тулд фэйсбүүк нээж өгсөн. Фэйсбүүк групп, чаатаар дамжуулж, багшаас нь мэдээлэл авдаг. Биднийг хүүхэд байхад гэрийн даалгавраа дэвтэр дээрээ тэмдэглээд ирдэг байсан. Одоо хүүхдүүд гэрийн даалгавраа дэвтэр дээрээ ч тэмдэглэхээ байсан. “Чаатаар гэрийн даалгавар ирнэ” гээд утсаа ухаж, фэйсбүүк ордог. Утас, компьютероор хичээл хийхээр дэлгэцийн хамааралтай болж байна”.

Иргэн Б “Хүүхдүүдийн дунд утасны хэрэглээ асар их байна. Манай хүүхэд байн байн утас үзээд, сүүлдээ ядаргаанд орсон. Утсыг нь болиулъя гэхээр гэрийн даалгавраа хийнэ гэдэг. Нэг хэсэг нь утсыг нь хураагаад болиулахаар нөгөө хэсэг нь утаснаасаа даалгавар хий гээд байгааг ойлгохгүй байна” хэмээв.

Тэгвэл хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ өндөр орнууд нийгмийн сүлжээг хязгаарлаж эхэлсэн байна. Тухайлбал: Австрали улсын Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хууль баталж, 16-гаас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.

Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформ ашиглаж байсан. Ямар нэг насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй хэмээн үзжээ. Үүнийг Монголд нэвтрүүлэхийн тулд Боловсролын сайд П.Наранбаяр 16-гаас доош насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд нэвтрүүлэхгүй байх хуулийн төсөл санаачлаад байгаа юм.

Цахим орчны халдлагад өртсөн хүүхдүүд эцэг эхдээ хэлдэггүй

Судалгаагаар 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чаатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэжээ.

Мөн цагдаагийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны ялгаварлан гадуурхалтын бодит статистик мэдээлэл цуглуулах зорилгоор цахим санал асуулгыг ерөнхий боловсролын 530 сургуулийн 10.000 орчим сурагчаас авсан байна.

Сурагчдын дийлэнх нь фэйсбүүк ашигладаг

Судалгаанд оролцсон сурагчдын 54.6 хувь нийслэлд, 45.4 хувь нь орон нутагт суралцдаг. Сурагчдын 55.4 хувь нь фэйсбүүк, 31.2 хувь нь инстаграм, 10.3 хувь нь Youtube, 7 хувь нь Tiktok ашигладаг гэжээ. Судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад, 16 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Үүний 1439 буюу 8.8 хувь нь цахим орчинд гэдэг хариулт өгсөн байна. Хүүхдүүд сургуулийг хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирдог газар хэмээн нэрлэсэн байна.

- Шинэ
- Хандалттай