Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.18/ зохион байгуулжээ.
Монгол Улсад өнөөдөр 1 сая 196 мянган хүн ажиллаж байгаагийн 563 мянга нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.6 хувь байгаа нь бага үзүүлэлт болж байна. Шалтгаан нь эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр бүлийн хүн, ахмад настнаа асрах зэрэг цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулдаг. Судалгаагаар Ази номхон далайн орнуудын эмэгтэйчүүд дэлхийн бусад улстай харьцуулбал 4 дахин их цагийг үнэ төлбөргүй асрахуйн ажилд зарцуулдаг байна. Ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 26 хувиар өсгөх боломжтой. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 15 аймаг, 6 дүүргийн хүүхэд харах үйлчилгээний төвд 315 хүүхэд асрагч эмэгтэйчүүд ажиллаж байна.
Мөн эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллаас гадна, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, малчин эмэгтэйчүүдийн эрх, тулгамдаж буй асуудал, төр, иргэний нийгмийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны саналуудаа хэлэлцлээ.