Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн. Улмаар өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй. Тэгвэл энэ хэлэлцээг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Миний хувийн байр суурь энэ хэлэлцээр гэрээг дэмжихгүй байгаа. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбогдож байгаа. 20 жил бид нэг улстай тогтвортой үнээр худалдан авалт хийнэ гэдэг бол бид нар эрчим хүч, шатахууны хувьд эрсдэлээсээ гарна гээд байна. Гэтэл онолын хувьд нэг газраас тогтмол үнээр 20 жил авна гэдэг чинь эсрэгээрээ баталгаагүй болж байна аа гэсэн үг. Үнэ ч тэр, нийлүүлэлт ч тэр юу ч тохиолдож болно. Манайхтай гэрээ хийж байгаа айл дайнтай байгаа. Жишээлбэл Дроны халдлагууд хүртэл явж байгаа. Бид өнгөрсөн ковидын үед нэг үйлдвэрт гэмтэл гарахад шатахууны хомстолтой нүүр тулж үзсэн. Энэ чинь цаад айл хүссэн хүсээгүй гарах эрсдэлүүд тохиолдсон тохиолдолд бид түлшгүй болох гэж байна шүү дээ. Тэгэхээр Монголын Уул уурхайн яам шатахуун хариуцсан сайд нар энэ асуудал дээр тодорхой байх хэрэгтэй. Өөрийн байр суурь бодлогыг Засгийн газар дээр нэгтгэж байх хэрэгтэй. Засгийн газар цаашдаа Монгол Улсын гал алдахгүй байх дээр олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх дээр ажил хийх ёстой. Түүнээс өнөөдрийн нөхцөл ийм байна гэж хэлээд бид 30 жил болчихсон. 2022 онд энэ асуудал орж ирж байхад өнөөдөр Монголын байгаа байдал иймээ л гээд сайд нар нь ярьж байсан. Түүнээс хойш эх үүсвэрээ нэмэх, урд хөршөөсөө илүү сайн чанарын бензин авах боломжтойг бүх Сайд, УИХ-ын гишүүд мэдэж байгаа. Авъя гэхээр сав байхгүй гэдэг. Сав хийе гэхээр 1 их наяд төгрөгийн асуудал үүсдэг гэдэг. Заавал төр өөрөө сав хийх гэж яагаад байгаа юм. Энийг хувийн хэвшлүүдтэйгээ яриад хийж болно”.