horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

М.Нандин-Эрдэнэ: Хүн болгонд сонголт байдаг. Миний сонголт гэр бүл минь байсан

post-img

Холимог тулаанч М.Нандин-Эрдэнийг Time.mn онцолж байна. Тэр ээлжит тулаанаа хийхээр Монголд ирээд байна. “NFC” холбооны кикбоксын аваргын бүсийн төлөө М.Нандин-Эрдэнэ тулалдана. Энэ тулаан энэ ням гарагт “М банк арена”-д 18:00 цагт болно. Үүнээс өмнө бид түүнтэй ярилцлаа.

-Таныг боксын хүрээллийнхэн сайн мэднэ. Харин олон нийт Солонгост очоод, холимог тулаанч болсноор чинь илүү мэддэг. Явахаас өмнөх үеэ дурсаж болох уу?

-Солонгост очоод 10 гаруй жил болж байна. Өмнө нь таеквондогийн улсын аварга 5 удаа болж байсан. Боксоор улсын хошой аварга болсон. Миний үеийн тамирчид бол боксын алтан үе гэж боддог. У.Бадар-Ууган, Сэрдамба, Энхзориг, Түвшинбат, Чинзориг гээд дүү нар маань гарч ирж байсан. Ер нь шилдгүүдтэй нэг үе хамт байсан.

-Ийм мундаг тамирчдын үед шигшээ багт байсан гэхээр муугүй тамирчин байжээ. Шигшээ багийг орхих шалтгаан юу байв. Одоо харамсдаг уу?

-Би боксын шигшээ багаас гарсандаа харамсдаггүй. Бас би ийм байсан гэж худлаа онгирдоггүй. Миний амьдрал үргэлжилж л байвал өнөөдөртөө зөв байх ёстой гэж боддог. Хүн болгонд сонголт байдаг. Миний Солонгос улсыг зорьсон шалтгаан гэвэл гэр бүл, хайртай бүсгүй минь байсан. Хайртай хүнтэйгээ хамт байхын тулд явсан. Ер нь маш том зүйлийг орхиод явсан. Тийм болохоор түүнээс илүү үнэ цэнтэй сонголт нь миний гэр бүл байсан.

-БНСУ-д хөдөлмөр эрхлэх хэцүү юу?

-БНСУ том шүү дээ. 50 сая хүн амтай. Тэр их хүнтэй улсад алалцаад л явж байна. Анх очиход хэн ч мэдэхгүй. Монголд мэдэж байгаа ч Солонгост очоод ажил хийхээр хэн ч биш. Хүнд загнуулаад л явна. Хэл мэдэхгүй. Мэргэжлээрээ ажиллах боломжгүй. Хаана юм зөөх, өргөх, үйлдвэрийн хүнд хэцүү ажил байна, бүгдийг нь хийдэг. Жишээ нь тэрийг аваад ир гэхээр, ямар нэгэн юмыг аваад ир гэж байна даа гэж би ойлгоно. Очоод авах гэхээр яг юу захисан гэдгийг нь мэдэхгүй байсан үе зөндөө бий /Инээв/.

Солонгост өртөг өндөр. Хэдий ажиллаж байгаа ч гэсэн би гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Аав хүн, нөхөр хүний хариуцлага байгаа болохоор зүгээр амраад, бэлтгэл хийгээд байх боломжгүй. Тэгэхээр ажил заавал хийх ёстой. Солонгост очоод л шууд эхнэрийн сургуулийн төлбөр, дараа нь эхнэр төрөөд хүүхдүүдийн эмнэлгийн мөнгө, живхний мөнгө гээд л явж өгсөн.

-Хүний нутагт их завгүй хөдөлмөрлөж, хичээжээ. Энэ зуур яаж холимог тулаантай холбогдсон бэ?

-Би чинь шигшээ багийн тамирчин, боксчин байсан болохоор бэлтгэл хиймээр санагдаад байдаг байсан. Тэгээд ажил тарчхаад харих замдаа нэг клубээр ороод, “Бэлтгэл хийж үзье” гэдэг санал тавьсан. Тэгээд бэлтгэл хийхдээ багшийг нь зодчихсон юм. Тэгсэн чинь багш нь гайхаад л “Чи чинь юу билээ” гээд тэрнээс хойш тэмцээнд орж эхэлсэн дээ.

-Одоо таныг андахгүй биз?

-Хаана ч очсон М.Нандин-Эрдэнэ гээд ямар ч солонгос, тулааны тамирчин ч юм уу спортоор хичээллэдэг хүмүүс таньдаг болсон. Маш их хүндэтгэлтэй харьцана. Тэр хэмжээгээр би илүү хариуцлагатай байдаг. Монгол тамирчин гэдэг үүднээс. Солонгост байгаа бүх жингийн тамирчдын чансаагаар хоёрт явж байгаа.

Би залуучуудыг болж өгвөл Солонгост очоод яаж ажилладаг, яаж цаг баримталдаг вэ гэдгийг сураад, Монголдоо ирж амьдраасай гэж боддог. Хүний нутагт байснаас Монголд байх нь илүү гоё. Хэдийгээр ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж нь ялгаатай ч өөрийн нутагт байх нь амар байдаг.

-Удахгүй та “NFC” холбооны кикбоксын аваргын бүс авахаар тулалдах гэж байна. Энэ ямар онцлогтой тулаан бэ?

-4 төрлөөр болж байгаа. Тэгээд гадаадын сайн тамирчид ирж байгаа. Дээр нь аваргын бүсний төлөө тоглож байгаа болохоор илүү их хариуцлагатай тулаан болно. Би ирэх 6-р сард бас аваргын төлөө тулалдана. Тэрийгээ хойш тавиад ирсэн гэхээр нэлээн ач холбогдол өгч байгаа.

-Монголчуудынхаа өмнө тулаан хийх гэж байна. Сэтгэгдэл хэр байна?

-Би 2019 онд “NFC” холбооны аваргын төлөө тоглосон. 2020 онд бүсээ хамгаалах гэсэн чинь ковид гарсан. Тэгэхээр 6 жилийн дараа Монголдоо тулаан хийх гэж байгаа болохоор догдолж байна. Би өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялахыг хүсэж байгаа ч гэсэн өрсөлдөгч маань надад зодуулах гэж ирэхгүй шүү дээ. Аль аль нь хариуцлагатай байх учраас намайг дэмжиж байгаа хүмүүсийнхээ өмнө сайхан тулаан хийхийг хүсэж байна.

0/1000