Гал түймрийн улмаас бага насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай явдал өчигдөр гарсан байна. Төв аймгийн Жаргалант суманд айлын байшин шатаж байна гэх мэдээлэл энэ сарын 21-ний 16:30 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу очиход, уг гал түймэрт 2-5 насны гурван охин өртөж, нас барсан байжээ.
Учир шалтгааныг тодруулбал тухайн үед тус сумын засаг даргын шийдвэрээр нийтийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээнд оролцож байжээ. Энэ цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багш бас оролцсон аж. Бага насны дүү нараа харж байсан зургаадугаар ангийн охиныг нь ч сургуулиас нь цэвэрлэгээнд дууджээ. Охиныг гэртээ дүү нараа цоожлоод явсан хойгуур гал гарсан байна.
Жаргалант сумын Онцгой байдлын хэлтсийн гал унтраах техник хэрэгсэл ажилдаггүй. Мөн төр захиргааны цагаа олоогүй шийдвэрт иргэд бухимдлаа илэрхийлсээр байна. Уг хэргийг Төв аймаг дахь цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.