Цагдаагийн байгууллагад энэ оны 2 дугаар сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн Цагдаагийн газар тус хэргийг мөрдөн шалгахад, энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус аймгийн нэгэн байранд иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодон, олон гэмтэл учруулж, хөнөөсөн нь тогтоогджээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн аж.
Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүн хөнөөсөн 8 гэмт хэргийг мөрдөн шалгаад байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын хүчирхийллээс гадна эдийн засаг, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийлэл хэлбэрээр үйлдэгддэг. Таны ойр дотнын хүмүүс ийм хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг илэрвэл цагдаагийн байгууллагад тухай бүр яаралтай мэдэгдэж байхыг ЦЕГ зөвлөлөө.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол энэ нь хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлнэ.
Мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.