2024 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 78 мянга орчим эзэнгүй нохой, муурыг устгалд оруулсан байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй, ухамсаргүй байдлаас болж эзэнгүй нохой муурын тоо толгой буурахгүй байгааг мэргэжилтнүүдийн зүгээс онцоллоо.
УБЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ: Нэг эм нохой геометр прогрессын аргаар зургаан жилийн дотор 68 мянга хүртэл өсөх тооцоо байдаг. Эзэнгүй нохой, муур нь эзэнтэй нохой муурнаас гарч байгаа гэсэн үг. Нохой, муур тэжээж буй хүмүүс тухайн амьтдын үржил хаах мэс ажлыг хийх, уях гэх мэт арга хэмжээг авахгүй бол жилдээ 1-2 удаа үржиж 5-10 орчим гөлөг, зулзага гаргадаг. Амьтан тэжээж байгаа эзнээс шалтгаалж эзэнгүй муур, нохойны тоо өсөж байдаг” гэв.