horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Д.Мөнхбат: “Халуун бороо” киноны зураг авах үеэр 5 хүн түлэгдсэн

post-img

Одоогоос жил гаруйн өмнө “Дүнжингарав”-ын уулзварт ноцтой осол гарч, онцгой байдлын гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан. Энэ үйл явдал монголчуудад тэр тусмаа онцгой байдлын албан хаагчдад хамгийн хүнд тусав. Тэгвэл уг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, онцгой байдлын баатруудын үйлсийг харуулсан “Халуун бороо” УСК саяхан нээлтээ хийсэн. Тус киноны найруулагч Д.Мөнхбатыг Time.mn онцолж байна. Энэ киног хийхдээ уран бүтээлчид их, бага гэлтгүй галд өртөж, эрсдэлд орцгоосон байна. Мөн онцгой байдлын баатарлаг үйлсийг харуулсан галын тухай кино Монголд өмнө нь хийгдэж байгаагүй юм.Түүнийг “Ээжээ надтай гэрлээч?”, “Приусны босс”, “Ээжийн дайсан 2”, “Гангстерууд” “Баян боол” киноны найруулагчаар нь хүмүүс илүү мэднэ ээ.

-“Халуун бороо” УСК үзэгчдийн хүртээл боллоо. Энэ киног хийх болсон шалтгаан юу вэ?

Өнгөрсөн оны 1 сарын 23-24-нд шилжих шөнө “Дүнжингарав”-ын уулзварт гааз дэлбэрч, 3 гал сөнөөгч амь насаа алдсан. Би тухайн үед гадаадад байсан. Гэхдээ онцгойгийн албан хаагч нас барсан гэдэг мэдээ сонсоод, би маш эмзэг хүлээж авсан. Тэгээд судлаад үзсэн чинь гал сөнөөгчийн тухай кино Монголд байдаггүй юм байна. Тэгээд ямар ч байсан хэдэн баатруудаа алдаршуулъя, баатруудынхаа тухай кино хийе гэсэн бодолтой Монголд ирээд, гал унтраах 10-р ангид санал тавьсан. Тэд маш гоё хүлээж авсан. Бүр 2025 онд тэдний 100 жил болж байсан юм байна лээ. Санаандгүй давхцалаар ингэж таараад, хэн хэн нь хоёр талаасаа уулзаад кино бүтэх эхлэл бий болсон.

-Зургаа хэр хугацаанд авсан бэ?

Хоёрдугаар сард зохиол руугаа ороод, тавдугаар сард бичиж дуусгасан. Тэгээд 8 сарын сүүлчээр зураг авалтаа эхлээд, дунд нь нэг завсарлаад, цэвэр 2 сар гаруйн хугацаанд зураг авсан. Дийлэнх зургаа Улаанбаатарт авсан. Манай зохиол дээр 4-р цахилгаан станц шатаж байгаа хэсэг гардаг. Яг энэ хэсэг буюу 4-р цахилгаан станцын доторх зургийг Төв аймагт авсан. Тэнд хаягдсан уурхайн станц байсан. Түүнийг зураачид маань тохижуулж, станц болгоод, зарим зургаа авсан. Нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. 600 гаруй сая төгрөгийн өртгөөр кино бүтсэн.

-Маш их гал авалцсан кино болсон гээд “Халуун бороо” киног үзсэн хүмүүс ярьж байсан. “Жижигхэн гал хүртэл маш аюултай юм байна лээ” гээд уран бүтээлчид өөрсдөө ярьсан байсан. Яг гал дунд зураг авах хэр хүндрэлтэй байв?

Галтай кино хийнэ гэдэг маш хүндрэлтэй юм байна лээ. Бид тооцсон хугацаанаасаа сар давуулсан. Би галын дүрсэн дээр график аль болох бага ашиглая гэж тооцсон. Аль болох бодитоор юм шатаая. Бодитой орчинд байя. Битүү орчноо шатаа гэж байгаад зураг авсан. Тэгсэн чинь яг хүссэнээр болоогүй. Зөндөө ажил болж байж, хүссэн гал гарна. Гал гарангуут гал дунд зураг авах, хүн байна гэдэг маш асуудалтай болж байгаа. Эхний галын зураг авалт жижигхэн айл шатдаг хэсэг. “Жижигхэн гал юм чинь гайгүй биз” гээд манайхны зарим нь шоорт, майктайгаа ирчихсэн байх шиг. Тэгсэн чинь байхгүй. Тэр зураг эхлүүлээд л гал тавьсан чинь дэлбэ үсэрсэн. Гал нь доошоо орж ирээд, манай зураач нуруундаа түлэгдсэн. Жүжигчид маань зориулалтын хувцастай, битүү багтай болохоор гал руу орчхоод байгаа юм. Операторын баг маань маскаа норгоод орчихно гэж тооцоод яваад орсон. Буцаад л гүйгээд гараад ирнэ. “Яасан” гэсэн чинь “Энд зураг авах боломж байхгүй юм байна аа. Хүүш энэ чинь жижиг гал гэчхээд аймаар юм байна шүү дээ. Ингэж авахгүй ээ” гээд больсон.

Тэгээд онцгойнхон ирээд, манай зураглаач нарыг бүрэн хувцаслаад, битүү хувцастай, багтай, баллон үүрүүлсэн. Тэгж байж зүгээр нэг өрөө шатаах эхний жижигхэн галын зургийг авсан. Тэгээд бодсон. Гал, ус хоёрыг басаж болохгүй гэдэг яг үнэн юм байна лээ. Бид эхэндээ жижиг гал юм чинь гэж тооцоод л гайгүй гэж бодоод байсан чинь зураач маань нуруугаа түлээд, зураглаач нар маань цаашаа илүү том гал дээр яаж зураг авах бол гэж айж эхэлсэн. Тэгээд бид цаашдаа галтай яаж ажиллах тактикаа боловсруулсан. Ер нь их том зүйлийг эхний гал дээрээс бид суралцсан. Онцгой байдлынхан хүртэл байшингийн гадаа бүгд хүлээгээд зогсож байсан. Бүх юмаа бэлдчихсэн бэлэн байдалд, “Гал руу битгий ингэж ор. Маш тайван бай! Тайван ор, битгий сандраарай” гээд биднийг тайвшруулж, зааж зөвлөж байсан.

-Жүжигчдийн дүрийг хэрхэн сонгов?

Онцгой байдлын албан хаагчид 40 нас гараад л тэтгэвэрт суудаг. Онцгой нөхцөл гээд. Тэгэнгүүт дүрүүдэд залуучууд голдуу шаардлагатай болсон. Яг залуу гал сөнөөгчийн дүр бүтээж байгаа 25-35 насны залуучууд байна гэдэг ч юм уу. Тэгээд би зохиолоо бичихдээ хэдэн залуучуудыг харчихсан байсан юм. Тэдний нэг нь Цасчихэр. Зохиол бичихдээ л “Чи биеэ бэлдээрэй. Өөр дээрээ ажилла. Биеэ гоё цэгцтэй болго” гээд ярьж байсан. Тэгээд л залуу жүжигчидтэйгээ ярилцаж байгаад л бүрдүүлсэн. Харин Ч.Болдоо, Г.Эрхэмбаяр нарын хувьд бол ойлгомжтой дүрүүд байсан. Тэдэнтэй олон удаа хамтарч ажилласан. Энэ хоёр л чадах юм байна гэдгийг би мэдэж байсан болохоор санал тавьсан. Жүжигчид маань энэ саналыг гоё хүлээж авсан. Эрчүүдийн тухай кино. Босс, атаманы тухай биш. Энэ бол баатарлаг эрчүүдийн тухай кино. XIII зууны Чингисийн цэргүүдийн дүрд тоглож байгаа юм шиг жүжигчид маань гоё хүлээж авсан.

-Энэ киног хийх зорилго юу байсан бэ?

Би аймаар том юм зориогүй ээ. Зүгээр л энэ баатруудыг юу туулдаг яадаг юм бэ гэдгийг л харуулсан. Түүнээс далд санаа, илүү дутуу юм байхгүй. Зүгээр л энэ хүмүүс яаж ажилладаг, юу хийдэг, ард, урд нь юу болдог гэдгийг хүн болгон мэдрээсэй л гэж энэ киног хийсэн. Хүн ер нь шалтгаантай төрсөн байгаа шүү дээ. Тэгвэл онцгой байдлын албан хаагчид Монгол Улсын ард иргэдийг аврах шалтгаантай төрсөн байна. Тэгээд л тэр ажлаа хийж байна. Өөрсдөө амьдралгүй юм шиг, 2-3 амьтай юм шиг ажил хийж байна. Тэр ажлыг л харуулахыг хичээлээ. Энэ ажлыг маань ирж мэдрээсэй л гэж хүсэж байна.

– Та бүгд гурав, дөрвөн сар зураг аваад онцгойгийнхонтой ойр байлаа. Мэдээж давхар судалгаа хийнэ. Онцгой байдлын албан хаагчдын хувцас, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ямар юм байна. Үнэхээр хэцүү нөхцөлд ажилладаг юм байна уу?

Онцгой байдлынхантай хэдэн сар цуг байж, хэцүүг нь мэдлээ. Тэд багаараа Шинэ жилийн баяр хийж, би очсон. Тэдний баярлаж, инээж, жаргалтай байгаа төрхийг харсан. Тэр агшин надад үнэхээр гоё байсан. Тэр бол тэдний хувьд үнэхээр аз жаргалтай мөчүүд байх шиг байсан. Тэр хүмүүс инээж байгаад маргааш ямар гал руу ороод, хэд нь буцаж ирээд, хэд нь буцаж ирэхгүй юм билээ гэж бодох яг тэр нөхцөлд би уйлах шахсан. Энэ хүмүүс ямар гоё юм бэ. Нэгнийгээ хөөргөөд л ааа гээд орилж чарлаад, дуу дуулаад л, бүжиглээд л. Нэг л тийм аз жаргалтай хүмүүс. Гэхдээ тэр нь багаараа хийж байгаа нэг өдрийн л баяр байхгүй юу. Одоо энэ хүмүүс маргааш яах бол, нөгөөдөр яах бол, жилийн дараа хэд нь байхгүй болох бол. Тэр л аймаар эмзэг туссан.

-Энэ киноны ард гараад та бүхэн өөрсдөөрөө бахархсан байх. Таны хувьд аль мөч нь хамгийн бахархмаар байсан бэ?

Хийгээд түмэнд хүлээлгээд өгчихлөө гэдэг маань надад чухал. Би өмнө нь дандаа инээдмийн кино хийж байсан л даа. Хамгийн сүүлд “Баян боол”-ыг хийсэн. “Халуун бороо” миний бусад киног бодвол илүү хүнд үлдэх кино юм болов уу? Инээдмийн кино маань тухайн үедээ үзээд л, иймэрхүү л байдаг. “Халуун бороо” бол намайг үхсэн ч үлдэх кино байх. Би аль болох баатарлаг хүмүүсийнхээ тухай чадлаараа хийсэн. Тийм учраас энэ кино маань үлдэцтэй байх болов уу.

-Нэрний хувьд маш тодорхой онож өгсөн санагдсан. Утга учрыг нь тайлбарлавал?

Л.Таванбаяр, А.Миеэгомбо зохиолч бид нар хамт сууж байгаад онцгой байдлын тухай кино хийх гэж байгаа гээд буу халсан юм. Тэгээд явцын дунд Л.Таванбаяр маань “Халуун бороо” гэдэг нэр өгсөн. Би тэр үед нь тоогоо ч үгүй. “Энэ нэрийг сольё доо” гээд санаанд ерөөсөө бууж ирэхгүй байсан юм. Энэ нэрийг солих гэж маш олон хувилбараар үзсэн. Давах нэр олдоогүй. “За за, энэ юм байна” гээд сонгосон.

Онцгой байдлынхны хөлс бүхэн халуунаараа дусдаг. Ямар нэгэн гамшиг осол, зовлон шаналлын нулимс халуунаараа дусдаг. Халуун хөлс, халуун нулимс асгарч байж гамшгийг дардаг. Тийм санаатай, цаад санаа нь бол. Тэрний төлөө л онцгой байдлын албан хаагчид маань тэр их хөлсийг урсгаж байна. Хүний хөрөнгийг хамгаалахын төлөө, бараг ганц аяганы төлөө бүгд хөлсөө цутгаж дайрч байна. 

-Та өөрөө онцгой байдалтай хэр ойр хүн бэ?

 Би бол тэс хол хүн. Онцгой байдлын ажлыг огт мэдэхгүй. “Дүнжингарав”-ын дэлбэрэлтээс хойш л надад их эмзэг туссан. Тэгээд “Яагаад гал сөнөөгчдийн тухай кино байдаггүй юм бэ” гэж бодоод, хийхийг зориглосон. Онцгой байдлынхныг ажлаа хийх ёстой, галаа унтраах ёстой хүмүүс л гэж харж байгаа байхгүй юу. Зүгээр л тэгэх ёстой гэж ойлгоод байна. Манай кинон дээр нэгнийгээ алдчихаад тангараг өргүүлдэг хэсэг гардаг. “Чи яах гэж энэ ажилд орсон бэ. Тэрийгээ дахиад давтаад хэл” гэнгүүт нэгнийгээ алдсан гал сөнөөгчид тангаргаа уншдаг. Тэр хэсгийн зургийг авч байхад гал унтраах 10-р ангийн залуучууд орж ирж хараад, уйлаад гараад байсан. Тэд тангарагтаа тийм үнэ цэнтэй хандаж байгаа байхгүй юу. Тангарагтаа үнэнч байна, тэрнийхээ төлөө тэмцэж байна.

-Онцгой байдлын албан хаагчдыг цөөн үгээр тодорхойлбол?

Нүдэнд харагддаг, гарт баригддаг бурхны элч. Бодит элч нар. Шашин шүтлэг дээр хий хоосон юмнууд байдаг шүү дээ. Тэрэнд итгэх л юм бол тэр нь чамд ирнэ. Итгэхгүй бол тэгэхгүй гэдэг ч юм уу. Харин гал сөнөөгчид бол бодит, чиний нүдэнд харагддаг элч нар. Чиний төлөө тэмцдэг, чиний төлөө амьдардаг.

-Дуудлага дээр очиж гал унтраана, хүний амь аварна. Тэрний дараах сэтгэгдэл мэдрэмж ямар байдаг юм шиг байна. Хөндлөнгөөс ажиглахад

Би нэг удаа дуудлага гарахаар араас нь дагаад явж байсан юм. Гэхдээ би тэд нарыг олж чадаагүй. Хувийн машинтайгаа хөөгөөд гүйцээгүй. Тэгээд хаана гал гарсан өөр замаар явъя гээд яваад очтол аль дээр унтраагаад явчихсан байсан. Тийм л хурдан шуурхай ажилладаг. Тэд нарын нэг яриаг сонсоход нэг гал сөнөөгч нь малгайгаа аваад шидсэн гэж байгаа байхгүй юу. Би тэрийг аварч чадсангүй гээд уйлсан. Амжихгүй юм зөндөө байна. Ялангуяа модон дугуй гэр чинь 4,5 минутын дотор бүх юм нь шатаад дуусчихдаг. Тэр хооронд ирж амжихгүй байна шүү дээ тэр хүмүүс. Тэгээд тэрнийхээ төлөө өөрсдөө харамсаад байна шүү дээ.

-Энэ бүгдийг та бүхэн уран бүтээл хийснээрээ өөрсдөө мэдэж ойлгож байна шүү дээ?  

Тийм. Өөрсдөө мэдэрч ойлгож байна.

-Киногоо хийгээгүй байсан бол энэ нарийн зүйлүүдийг мэдэхгүй байсан байх даа

 Тийм. Зүгээр хийх ёстой ажлаар нь л хүлээж авч байгаа байхгүй юу, үзэгчид, нийгэм ч бас бас одоо өөр өнцгөөр харж хүлээж авах байх. Киног маань хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар үзээд энэ хүмүүс юуны төлөө явдаг юм гэдгийг ойлгоосой.

-Ар гэрийн төлөөлөлүүдийг асуухгүй бол болохгүй санагдаад байна л даа. Ар гэр нь ямар байдалтай үлддэг, яаж хүлээдэг юм байна.

Тэд нар бол хамгийн хэцүү хүмүүс байдаг юм байна лээ. Тайван амарч, тайван байж чаддаггүй, өдөр болгон дайнд яваад байгаа юм шиг. Ар гэрийн асуудал нь үнэхээр хэцүү. Би ар гэрийнхэнтэй нь уулзаагүй. Гэхдээ тэр 10-р анги дотор гэр бүлийн хүмүүс байсан. Тэгээд л галд явснаас нь авхуулаад дуусах хүртэл бүх мэдээллийг авч байгаа байхгүй юу. Яасан ийсэн, унтарсан уу, ирсэн үү гээд тэгж байж тайвширдаг юм билээ тэр хүмүүс.

-Нээлтийн дараагаас та бүгдэд ирсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар урам зориг өгөв?

Киногоо нээх хүртэл өдөр болгон айж байсан. Киногоо нээчхээд хүмүүсээс урмын үг авч байгаа юм л даа. Нээлт нь дээр гэхдээ дандаа дотнын хүмүүс ирдэг байхгүй юу. Тэд мэдээж магтах л байх. Би ч гэсэн үнэхээр миа кино биш л бол болж байна шүү дээ л гэдэг. Тийм учраас нээлт нь дээр ирсэн хүмүүсийг би баярлалаа л гэж хүлээж авдаг. Цэвэр шүүгч нар бол ард түмэн. Тэд нараас л илүү комментыг хардаг, уншдаг. Комментуудыг нь шүүж хардаг. Цэвэр яг ард түмэнд зориулсан кино байгаа байхгүй юу. Тэрнээс биш урлагийн салбарт зориулсан тийм юм биш. Ард түмэн маань үзээсэй. Ард түмэн үзэж байж эд нарынхаа ажлыг ойлгох байх. Тэгж би хараад байна.

Ярилцсанд баярлалаа.

 Баярлалаа. Баяртай

0/1000