Монголд эмчлэх боломжгүй өвчний төлбөрийн 50 хувийг буцаан олгохгүй байгаа асуудлаар гадаадад хүүхдээ эмчлүүлж буй охины ээж Б.Бадамцэцэг мэдээлэл хийлээ.
Түүний охин Б.Цэрэнлхам нь одоо 3 настай. 2022 оны долоодугаар сард БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр очжээ. Одоо түнхний хагалгаанд орох шаардлагатай. Хагалгааны зардалд 25-50 сая вон шаардлагатай аж. Тиймээс Монголын ард түмнээсээ хандивын аянд нэгдэхийг хүслээ. Өмнө хийлгэсэн охиныхоо эмчилгээний төлбөрийн буцаан олголтоо авахаар хөөцөлдсөн ч улсаас олгохгүй байгаа талаар тэрээр ярилаа.
Иргэн Б.Бадамцэцэг “Монголын эрүүл мэндийн тогтолцоо хүнд байна. Бодлого боловсруулахгүй байна. Би гурван жилийн өмнө яг энд хэвлэлийн бага хурал хийгээд уйлаад хэлж байсан. Бидний төлөө бодлого л байх хэрэгтэй. Түүнээс ар өврийн хаалга хэрэглээд хандив цуглуулаад явах биш. Бүх хүмүүс эрх тэгш хуультай Монголд баймаар байна. Эрх тэгш хуультай байвал бид зовохгүй, гадаадад очиж хууль зөрчихгүй.
ЭМЯ-аас Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр гадаадад эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 25-50 хувийг буцааж олгоно гэдэг журам гаргасан байдаг. Гэхдээ яг энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүд төлбөрийн буцаан олголтоо авсан тохиолдол миний хийсэн судалгаагаар, миний эргэн тойронд байхгүй байна. Жишээ нь: Манай хүүхдийн Монголоос гарсан онош нь Монголд эмчлэх боломжгүй 25 төрлийн өвчинд байхгүй. Тэгтэл манай хүүхдийн Солонгос улсад гарсан онош нь ЭМЯ-наас гаргасан журамд орсон. Тиймээс бүтцээр нь тогтолцоогоор нь өөрчлөх ёстой” гэв.