horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Хөх тэнгэрт хүслээрээ нисэгч аав, хүү хоёр

post-img

Монгол Улсын Цэргийн Нисэх Хүчний 100 жилийн буурал түүхэнд аав хүү цэргийн нисгэгчдийн оруулж яваа хувь нэмэр хэмжээлшгүй. Аав хүү нисгэгч гэхээр Монгол Улсын гавьяат нисгэгч хурандаа Насангийн Баясгалан, хошууч Баясгалангийн Батболд нар гэдгийг цэргийнхэн түүртэлгүй л ойлгоно.

Аав хүү нисгэгч хоёулаа ОХУ-д бэлтгэгдсэн бөгөөд Монгол Улсад ирсэн байлдааны онгоц бүрийн анхны нисгэгч нар гэдгээрээ яахын аргагүй түүхийн эзэд.

1986 онд Монгол Улсад хэд хэдэн “Ми-24” байлдааны онгоц ирэхэд гавьяат маань орос сургагчтайгаа анхны нислэгийг үйлдэж байсан бол 2022 онд “МиГ-29УБ” байлдааны онгоцыг мөн л түүний хүү хошууч Б.Батболд Монголын хөх тэнгэр дор жолоодож, аавынхаа бахархалт түүхийг давтсан нь гайхалтай агшин байв. Монголын хөх тэнгэрт 1993 оноос сөнөөгч онгоцны дуу цуурайталгүй явсаар агаарын цэргийн зоригт шонхрууд түүх дахин эргүүлсэнд нислэгийг харж зогссон хүн бүрийн бахархал, омогшил, баярын нулимсыг унагаж байсныг тодхон санаж байна. “МиГ-29УБ” хөлгийг Монгол Улсад авчрах ажлыг зохион байгуулагчийн нэг бэлтгэлд байгаа хошууч генерал О.Энхбаяр цурхиртал уйлж, аав хүү нисгэгчдэд талархал дэвшүүлж байсан нь гэрэл зурагнаа үлдсэн байдаг юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн түүхийг 1983 оноос хойш тасралтгүй бичиж, өөрсдийн гавьяат үйлсээ тамгалан үлдээсэн аав хүү хоёрын талаар бичвэл олон ч сайхан дурсамж бий. Гагцхүү агаарын цэргийн зоригт шонхоруудын түүхийг дундаа нэг ч цэг үлдээлгүй залгамжлан бичиж, гэр бүлээрээ энэ алба салбарын төлөө зүтгэж яваад нь л талархнам. Гавьяатын хүү хошууч Б.Батболдын тухай онцолбол багаасаа л аавыгаа дагаж, нисгэгчийн бүхээгт бага насаа өнгөрөөсөн тэрээр 2007-2011 онд ОХУ-ын Краснодарийн Нисэхийн сургуулийг “Су-27” сөнөөгч онгоцны нисгэгчээр суралцан амжилттай төгссөн залуу шонхор. 2018 онд Ю.А.Гагарины нэрэмжит Нисэх хүчний академийг алтан медальтай төгссөн нь бас түүний имидж.

Хамгийн сонирхолтой нь аав хүү хоёр нэгэн өдөрт төрж, нэгэн үйлсийн төлөө зүтгэж яваа нь. Бас Зэвсэгт хүчний дугаар ангид аавынхаа эрхэлж байсан албан тушаалыг хүү нь залгамжлан авч байсан түүх зөвхөн тэднийх. Агаарын цэргийн зоригт шонхрууд аав хүү хоёрт удахгүй болох Монгол Улсын цэргийн нисэх хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монголын хөх тэнгэр цэлмэг, аав хүү нисгэгчийн хөөрөлт, буултын тоо нь эн тэнцүү байг!

0/1000