МХБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдсон. Уг үр дүнг монголын хөлбөмбөгчид, холбоод эсэргүүцэн өөрсдийн тэмцлээ үргэлжлүүлж буй.
Тэгвэл Б.Очирваань буюу Wazza мөн өөрийн зүгээс уриалга гаргалаа. Тэрээр хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг нэгэн байсан бөгөөд Улаанбаатараас Манчестер хүртэл 14,000 км замыг унадаг дугуйгаар туулж, Олд Траффордод хүрч өөрийн мөрөөдлөө биелүүлсэн билээ.
Wazza: Монголд, бидний адил олон мянган хүүхдийн хөлбөмбөгийн #мөрөөдөл_сүйрч байна. Хөлбөмбөг минь хулгайлагдаж байна
2024 оны 11-р сард Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн удирдлагууд болох Б.Гарьдмагнай, Э.Ганзориг, С.Эрдэнэбат, Д.Эрдэнэ-Очир, С.Ундрахбат нар асар их эрсдэл гарган шүгэл үлээсэн юм. Тэд холбооны дотоод дахь санхүүгийн хулгай илрэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.
МХБХ-ны Зөвлөл тэдний эсрэг байсан хэдий ч хөлбөмбөг сонирхогч олон нийтийн дэмжлэгээр “Санхүүгийн зөрчлийг илрүүлэх” Түр хороог байгуулж чадсан юм. Тэдний ил болгосон зүйл бол зүгээр нэг санхүүгийн зөрчил биш — #энэ_бол_хулгай_байсан.
Хүүхдийн академи, эмэгтэйчүүдийн лиг, дасгалжуулагчдын сургалт, хөдөө орон нутгийн талбайн санхүүжилт, … — байхгүй болсон. Монголын хөлбөмбөгийн нэрээр цугласан мөнгийг цөөн хэдэн “удирдлага” хувьдаа завшсан.
Тэгээд одоо энэ бүгдийг хийсэн хүмүүс Анандабазар гэдэг хүнийг холбооны ерөнхийлөгч болголоо. Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг, авлига, албан тушаалын наймааны олон #ноцтой_хэрэгт нэр холбогдож байсан.
Сонгуулийн хорооны гишүүд нь хоорондоо гэр бүлийн харилцаатай, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын хамаарал бүхий этгээдүүд шийдвэр гаргаад явж байгаа нь наад захын ёс зүйн шаардлагыг хангахгүй байгаа юм. Хөлбөмбөгөөс хулгайлан амьдрагсадын бүлэглэл Сонгуулийн дүрмийг зөрчиж, гол өрсөлдөгчөө сонгуулийн сурталчилгаа эхлээчгүй байхад сонгуулийн сурталчилгаа хийсэн хэмээн хасч, Ц.Анандбазар гэх хөлбөмбөгт ямар ч харилцаа хамааралгүй хүнд нэр дэвших эрх олгож, Улсын бүртгэлээс хасагдсан, ирцэд бүртгүүлээгүй байгууллагуудаар санал өгүүлж, Гишүүн байгууллагуудыг авлигадах гэсэн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жаргалсайханы аудио бичлэг задарсан ч өнөөдрийг хүртэл FIFA болон AFC хурлын хүлээн зөвшөөрсөн мэт мэдэгдэл хийж Монголын мянга мянган хөлбөмбөгчдийг үл ойшоосоор байна.
Сонгуулийн журам зөрчигдөж, өрсөлдөгч нь учир битүүлэг хасагдаж, бүртгэлгүй багууд санал өгч, аудио бичлэгээр санал худалдаж авч буй нь нотлогдсон ч биднээс дуугүй байхыг шаардсан.
#Үгүй. #Бид_үүнийг_хүлээн_зөвшөөрөхгүй.
#Холбоо_бол_зөвхөн_дарга_нар_биш
Монголын хөлбөмбөг гэдэг бол зөвхөн эрх мэдлийг хуйвалдааны, авилгалын аргаар атгаж байгаа Зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгчид биш юм. Монголын хөлбөмбөг гэдэг энхэл донхол гудманд бөмбөгд өшиглөн гүйх бяцхан багачуудаас эхлэн өвлийн хүйтэнд ч хүүхдүүдээ бэлтгэл хийлгэж буй дасгалжуулагчид, клубүүд, мянга мянган тамирчид, тэдний ар гэр, ямар ч үед шигшээ багаа дэмжин уухайлах фэнүүдээс бүрдэнэ. Харин миний хувьд хөлбөмбөг бол — хамгийн хүнд хэцүү үеүдэд ч итгэл найдвараа алдахгүй байх үнэт зүйл минь юм.
Харин холбооны удирдлагууд энэ бүхнийг #мөнгө, #эрх_мэдэл гэж харж байна.
Хөлбөмбөг бол нийт хөлбөмбөгийн бүх оролцогч талуудын өмч.
Монголд хөлбөмбөгийг бөхөөхгүй байхад минь надад туслаач гэж би та нараас гуйж байна” гэлээ.