Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийг Итали мэргэжилтэн Карло Анчелотти дасгалжуулах болсныг өнөөдөр Бразилийн хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор зарлалаа.
Хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг “Дон Карло”, “Карлетто” хэмээн хочлогддог Карло Анчелотти нь эдүгээ 65 настай бөгөөд Бразилийн шигшээг удирдан 2026 оны ДАШТ-д оролцуулах юм.
Бразилийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ийн урьдчилсан тэмцээнд Өмнөд Америкийн бүстээ 6 хожил, 3 тэнцээ, 5 хожигдолтой, 21 оноотой дөнгөж дөрөвдүгээр байрт яваа. Тэд зургадугаар сарын 5-нд Эквадор, 10-нд Парагвайтай тоглох бөгөөд эдгээр тоглолтод оролцох хөлбөмбөгчдийн нэрсийг 5 дугаар сарын 26-нд ФИФА-д мэдэгдэх ёстой. Тиймээс Карло шигшээ багт дуудагдах тоглогчдын нэрсийг зарласнаар ажлаа эхлэх ажээ.
Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”