“NTV” телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын шинэхэн дугаарт УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Ж.Чинбүрэн оролцлоо.
-Танд оройн мэнд хүргэе.
За, баярлалаа. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайдтай хийсэн ярилцлагыг цаг гаруй сонссон. Нотолгоогүй, баримтгүй зүйл цаг гаран ярьсан. Мэтгэлцээн, маргалдаанд хоёр талыг оролцуулж байгаа, хэвлэлийг тэнцвэртэй байлгах гэж урьсанд их баярлалаа.
-Тэгэлгүй яах вэ. Хэвлэл аль нэг талд орох бус, иргэдэд бодитой мэдээлэл хүргэх ёстой. Хоёр талын байр суурийг сонсох нь зөв. Яг энэ агуулгаар ярилцлага хийе гээд урихад хүлээн авсанд баярлалаа. Гол сэдэвтээ оръё. Та манай нэвтрүүлгийн өнгөрсөн дугаарыг бүтэн үзсэн юм байна, тийм үү?
Тийм, бүтэн үзсэн.
-Т.Мөнхсайхан сайдын ярианаас хамгийн анхаарал татсан сэдвийн нэг бол хавдартай холбоотой зүйлс байсан. Та яагаад худлаа гэж ярив. Надад хуулийн заалт харуулаад, бүр таны баталсан хуулийн заалтыг баримтлаад 5 улсын 23 төрлийн эм авах гээд явж байгаа юм байна лээ шүү дээ.
Шууд худалдан авалттай холбоотой өндөр хөгжилтэй орны сайн эмийг Монголын зах зээлд ямар нэг саадгүй оруулж ирэх тогтолцоо бүрдүүлэхээр бид хоёр хуульд тус тусад нь том өөрчлөлт оруулж өгсөн. Нэг нь Орон нутгийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах буюу тендерийн хууль. Энэ дотор нэг эх үүсвэрээс худалдан авах тухай заалт бий. Энэ заалт маш чухал. Аль болох чанартай эмийг боломжийн үнээр Монголын зах зээлд авчрах тогтолцоо бүрдүүлэх том дэвшил. Би эмийн түр хороог ахалж ажилласан. Үүнтэй холбоотой эмийн асар их сүлжээ, холбоос, буруу тогтолцоог засахаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан.
Шагийн үнээр чанаргүй эм оруулж ирдгийг Эмийн сонсголын үеэр нотолж, харуулж, тэр бүх хулгай хийдэг хаалга үүдийг хаах хууль баталсан. Эдгээр хоёр хуульд орсон гол заалтууд нь Монгол Улсад эмийг яаж зохистой хэрэглэх вэ, яаж чанартай эм оруулж ирэх вэ гэдгийг зааж өгсөн. Энэ хуулийн талаар зориудаар хэлэхгээд байгаа зүйл бол ДЭМБ, олон улсын байгууллагаас нэг эх үүсвэрээр худалдан авах заалт. Үүнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 47.4-т “ДЭМБ хүлээн зөвшөөрсөн, гадаад улсын эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, хамгийн сайн эмийг үйлдвэрлэгчээс худалдан авах ажиллагааг төрийн захиргааны байгууллага буюу Эрүүл мэндийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах буюу тендерийн хуулиар зохицуулна гээд заагаад өгчихсөн. Нэг ёсондоо Т.Мөнхсайхан сайдын хэлээд байгаа БНСУ-ын 5 үйлдвэртэй хэлэлцээр хийгээд, үнийг нь харьцуулахгүйгээр худалдаад авчихсан. Гэтэл хуульд “Тендерийн хуулиараа хийгээрэй” гээд заачихсан. Эм, эмнэлгийн хэрэгслийг хянан зохицуулах газар үйлдвэрлэгчтэй очиж уулзаад, үнийн сонголтуудыг сонсоод, харьцуулах хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл: “Солонгос улсын 5 үйлдвэрээс 23 эм авч, 2 тэрбум төгрөг хэмнэсэн. Яагаад дургүйцээд байгаа юм бэ?” гэсэн. Тэрийг Япон, Германы үйлдвэртэй харьцуул л даа. Магадгүй 30 тэрбум хэмнэх байсан юм биш биз. Ийм бодол төрж байна.
Яг үйлдвэрлэгчээс худалдан авах нь чанарын баталгаатай юу гэдэг асуудал заавал гарч ирнэ. Бид өнөөдөр чанар л яриад байгаа шүү дээ. Үнэ бууруулах бол дараагийн асуудал шүү.
Эмийн сонсгол хийж байхад, Монголд зориулж Германд үйлдвэрлэдэг “Диклоденк”-ын эмийг Герман улсад худалддаггүй шүү дээ. Германы зах зээлд гаргадаггүй, зөвхөн Монголд зориулж үйлдвэрлээд, оруулж ирдэг. Энэ нь тухайн эмийн чанарт сөргөөр нөлөөлж байгаа зүйл. Тиймээс чанарыг яаж хянах юм. Тиймээс би зориуд эмийн хуульд “Итгэлцлийн зохистой дадлага” гэдэг заалт оруулж өгсөн. Тухайн үйлдвэрийн эмийг тус улсын эмийн агентлаг нь зөвшөөрдөг байх ёстой. Нэг ёсондоо өөрийнхөө зах зээл дээр гаргадаг байх ёстой гэсэн үг. Ийм эмийг л Монголд оруулж ирье гэж ярьж байгаа болохоос “Манайд зориулаад үйлдвэрлээрэй. Бид аваад байя” гэж болохгүй. Ялгаа нь энэ.
-Бусад 18 төрлийн эмийн үнийг хямдруулдаг. Тэр нь иргэдэд хэрэгтэй юм билээ. Таны ярьж байгаагаар тендерийн хуулиа дагаад явчхаар Турк болон Энэтхэгээс хавдрын эмчилгээнд 5 төрлийн эм оруулж ирээд байгаа юм байна лээ шүү дээ. Эдгээр эмийн үнийг Япон, Солонгос, Сингапур зэрэг улсын үнэтэй харьцуулахаар дахиад л Турк, Энэтхэгийн эм оруулж ирэх юм биш үү?
Хатуу зохицуулалттай буюу чанартай эм борлуулдаг улсыг гэж яриад байгаа шүү дээ.
-Тендерт үнийн санал маш чухал шүү дээ.
Бид өнгөрсөн жил Тендерийн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь эмийн тендер зарлахдаа чанарын үзүүлэлт нь 70 хувийн оноо авна, 30 хувь нь л үнэ гэж оруулсан шүү. Бид их том өөрчлөлт хийсэн. Тэгэхээр үүнийг үгүйсгэж болохгүй.
-Мэдээж чанарын хувьд аль алийг нь харьцуулж үзэж байна шүү дээ. 30 хувь нь үнийн сонголт. Жишээлбэл: Энэ “А” эм чанарын хувьд “Б” эмтэй адил байна. Үнийн хувьд арай өндөр байна. Чанар нь ч өндөр байж болно. Мөн “Б” эм чанарын хувьд нийцэж байгаа ч үнэ нь хямд байж болно. Тэгэхээр энэ чинь тендерийн 30% гэдгийг дагаад явчих юм биш үү? Сонголт нь дахиад уначих юм биш үү?
Лхагвадорж оо! Ингэх юм шүү. Чанартай эм үйлдвэрлэгчдийн жагсаалтыг гаргана. Үүн дотроос үнийн сонголт хийнэ шүү. Тэгэхээр чанар гэдэг үйлдвэрлэгчид материал өгнө. Сайн, чанартай эм үйлдвэрлэдэг улс мөн үү? Тэр нь сайн стандартаа барьж үйлдвэрлэж байна уу? Орц, найрлага нь илүү байж чаддаг уу? гэх зэргээр тэр улсуудын жагсаалтыг гаргана. Энэ нь чанар. Чанарт нийцсэн эмүүдийг л үнээр нь харьцуулж авах юм шүү.
Улс орнуудын үйлдвэр янз бүр шүү. Энэтхэг улсад ч сайн үйлдвэр бий. Бүр АНУ-д эм гаргадаг үйлдвэрүүд байгаа. Тэгэхээр очоод л хамгийн хямдыг авна гэдгээ одоо болих ёстой. Хуульд орсон бас нэг чухал заалт нь олон улсын байгууллага гэж байгаа шүү дээ. Жишээлбэл: Эм, эмнэлгийн хэрэгсэл хянан зохицуулах газар 2024.06.22-нд UNICEF-тэй 130 гаруй эмийн үнэ дээр хэлэлцээр хийж эхэлсэн байсан. Ганц эм биш шүү.
Би яагаад Т.Мөнхсайхан сайдыг худал ярьсан гэж хэлсэн бэ гэхээр өөрөө сахарын үнэ хямдарсан гэсэн шүү дээ.
-Би тэгж хэлээгүй. Т.Мөнхсайхан сайд хэлсэн.
Сая хэлсэн шүү дээ. Яг үйлдвэрлэгчээс авсан эм нь хямдраагүй. Харин даатгалаас хөнгөлөлттэй эм олгодог журмын дагуу бид жил бүр эмийн үнийг хөнгөлөх төсөв тавьдаг. 2025 онд 170 тэрбум төгрөг. Түүгээр 60-70 хувийг нь хөнгөлөөд иргэдийн гарт 6000 төгрөгөөр очиж байгаа шүү дээ.
-Тэгж байгаа.
Тийм. Яг үйлдвэрлэгчээс гарахаар “Дапаглифлозин” чинь ганцхан үйлчилгээтэй, сахарын эм. Ард иргэд “Форсига” гэдэг эмэнд дуртай. Тэр нь метформин, дапаглифлозин хосолсон эм. Хосолсон учраас үнэтэй. Тэгээд л үнийг нь хямдруулаад байгаа юм. Улсаас даатгалын буюу татвар төлөгчдийн мөнгөөр хямдруулаад байгаа шүү.
-Эм нь үндсэн үнээрээ байгаа. Даатгалаас илүү мөнгө олгосон учраас илүү хямдруулсан гэсэн үг үү?
За яг. Би сая хэллээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл хянан зохицуулах газрын ажилчид UNICEF-тэй хэлэлцээр хийсэн. UNICEF нь Дэлхий даяар зарж байгаа сайн үйлдвэрүүдийн эмийг дунд болон буурай хөгжилтэй орнуудад боломжийн үнээр тараадаг байгууллага. Энэ байгууллага 1957 онд хүүхдийн яаралтай тусламжийн асуудлыг шийдэхээр байгуулагдсан. Одоо өөр болсон. Тэгээд энэ хэлэлцээрээр олон эмийн үнийг 60-70 хувь хямдруулан оруулж ирэх боломж байсан. Гэтэл үүнийг шууд зогсоосон. Зогсоосон шалтгаан юу юм? Хуульд оруулаад өгсөн шүү дээ. “Эм нь олон улсын байгууллагадаа байхгүй байвал үйлдвэрлэгчээс шууд худалдан авах хэлэлцээрт ороорой” гэсэн. Хэлэлцээрт орохдоо харьцуулахгүйгээр шууд аваарай гээгүй шүү дээ. Хуулийн ялгаа нь энэ шүү.
Шинэ хууль гарсантай холбоотойгоор худалдан авах үйл ажиллагааны журам гаргах ёстой. Эмийн хууль 6 дугаар сард батлагдсан. Засгийн газрын 42 дугаар тогтоол шинэчлэгдэх ёстой. Нэг ёсондоо даатгалаас татвар төлөгчдийн мөнгөөр үнийг нь хөнгөлөөд байна шүү дээ. Даатгалаас татвар төлөгчдийн мөнгөөр хөнгөлж буй учраас Эдийн засгийн хөгжлийн, Сангийн, Эрүүл мэндийн гэсэн 3 сайдын хамтарсан тушаалаар үнийн дээд хязгаарыг батлах ёстой. Үүнийг хийгээгүй.
-Үнийн дээд хязгаарыг тогтоогоогүй байхад худалдаад авчихсан юм уу?
Үнийн дээд хязгаар тогтоож өгөөгүй байхад л худалдаж авсан. Өөрийнх нь тогтоол байгаа. “4 дүгээр сарын 1 гэхэд төслөө яаралтай оруулж ир. Би 3 сайдаар батлуулъя” гэсэн хэрнээ хийлгүй, яараад л эм худалдаж авсан. Энэ журмаа гаргачих л даа гэж би яриад байгаа шүү дээ. Эмийн сонсгол хийсний нэг зорилго нь монополь тогтолцоог нураах байсан. Одоо манай тогтолцоо бол нэг эмийг бүртгэчхээд, бусад өрсөлдөгч эмийг бүртгэдэггүй.
-Тэгсэн.
Эмийн сүлжээ, бүлэглэл гэдэг чинь эмийн компаниудтай биш, бүр төрд орж ирээд суучхаад байгаа шүү дээ. Одоо би ганцхан жишээ хэлье.
-Хэн байна?
Үгэнд нь орж, хүслээр нь ажиллааагүй Эмийн агентлагийн даргыг огцруулаад, оронд нь өөр хүн тавьсан. Эмийн сонсголоор ашиг сонирхлын зөрчилтэй гэж миний нэрлэсэн “Монгол фарм”-ыг үндэслэгч Намхайноров гээд залууг Эмийн агентлагаас авчраад, Эрүүл мэндийн яаманд эмийн асуудал хариуцсан даргаар томилчихсон. Бид “Хүний эмийн зөвлөлийг шинэчлээрэй. Олон нийтэд нээлттэй сонгоорой” гээд хуульд заагаад өгсөн. Гэтэл хүний эмийн зөвлөлөө ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч байсан, П.Батчулуун эмчтэй холбоотой асуудалд яригдаад байсан Гантуяа гээд хүнээр Хүний эмийн зөвлөлийг ахлуулчихсан. Намхайноров нарийн бичгийг нь хийж байна. Эмийн үнэ хөнгөлөх тогтолцоо хаана байгаа билээ? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Сэрээжавын Энхболдоо томилчихсон. Энэ юу юм?
-Албан тушаалын энэ олон томилгоог хараад, тодотгож хэллээ шүү дээ. Эмийн мафийн төлөөлөл төрд орж ирээд суучихсан гэсэн шүү дээ. Сая хэлсэн томилгоонуудыг логикоор нь харахаар тэр төлөөлөл нь Т.Мөнхсайхан сайд юм уу? Та тэгж хэлэх гээд байна уу?
Тэгж байна шүү дээ. Томилгоонуудыг нь хар даа. Намхайноров гэж хүн ашиг сонирхлын зөрчилтэй. Эмийн агентлагт ажиллаж болохгүй хүн гээд хэлээд байхад бүр Хүний эмийн зөвлөл буюу эм хөнгөлөлттэй үнээр олгодог газрын нарийн бичгийн даргаар нь аваачаад тавьчихсан байгаа биз дээ. Эрүүл мэндийн яам болон Эмийн агентлагийн хооронд олон бичиг бичигдсэн байдаг. Юу гэж бичигдсэн гэхээр Намхайноров нь “Энэ эмүүдийг яаралтай худалдан ав” гэдэг. Эмийн агентлаг нь “Болохгүй шүү дээ. Бид хуулиар тогтоосон журмыг гаргая. Бид UNICEF-тэй хийсэн хэлэлцээрээ дуусгачихъя” гээд бичиг явуулахаар “Үгүй ээ. Энийгээ бушуухан хий” гэсэн. Тэгээд яасан? Үгэнд ороогүй Алтанцэцэг даргыг огцруулчихсан шүү дээ.
Ингээд энэ гэрээнүүдээ хийж эхэлсэн. Худалдан авах үйл ажиллагааг 3 яам ямар эх үүсвэрээр яаж худалдан авахаа шийдээгүй байхад Сэрээжавын Энхболдыг шахсаар байгаад одоо үнийг нь хөнгөлөөд эхэлчихсэн. Нэг ёсондоо үнэ хөнгөлөх эрх олгоогүй байхад хөнгөлж байна. Энэ бол төрд онц их хэмжээний хохирол учруулж байгаа асуудал.
Монголд хүн засагладаг юм биш ээ. Хууль засаглах ёстой. Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Хэн нэгэн дарга болоод, бүгдийг нь тушааж зандраад “Заавал хий, биелүүл” гээд байж болохгүй. Эмийн агентлаг нь “Та хууль, дүрмээ зөрчөөд байна. Хэдүүлээ эхлээд энэ энэ ажлаа хийе” гээд байхад “Үгүй UNICEF-тэй хийж буй хэлэлцээрээ зогсоо” гээд. Юу юм? Монголд нэг сайд гэхээрээ бүх хуулийг зөрчиж, дуртай юмаа хийж болно гээд байгаа юм уу? Тэгж болохгүй шүү дээ.

-Та хуулийн байгууллагад өгнө гэж байсан. Өгсөн үү?
Улсын ерөнхий прокурорт хүлээлгэж өгсөн.
-Тэр чинь бараг өнгөрсөн 7 хоногийн үйл явдал. Тэрнээс хойш танд “Шалгалтын үйл ажиллагаа ийм байна” гэж мэдэгдсэн үү?
Би өнгөрсөн 2024 оны хавар Эмийн түр хороо байгуулж, эмийн сонсгол хийсэн. Үүнтэй холбоотойгоор олон нотлох баримтыг ил гаргаж, АТГ, УЕПГ-т өгсөн. Одоо хүртэл хариугаа авч чадаагүй. Сая Т.Мөнхсайхан сайд бас тэгж байна лээ. “Гэнэт хавдрын эм яриад эхэлсэн чинь Ж.Чинбүрэн шүүмжлээд эхэллээ” гэж. Үгүй шүү дээ. Энэ яриа хэзээ гарсан гэхээр эмийн сонсголтой холбоотойгоор УИХ тогтоол гаргасан. “12 ажлыг сайжруул” гэсэн тогтоол гаргасан. ЭМЯ тайлангаа өнгөрсөн намар өгөх ёстой байсан. Өгөөгүй явсаар сая 4 дүгээр сарын дундуур өгсөн шүү дээ.
-Өнгөрсөн 10-р сард хууль хэрэгжиж эхлээд, бусад төрлийн эм худалдан авч байхад нь та энэ асуудлыг яагаад гаргаж тавиагүй юм? Таны хэлсэнчлэн хавдрын эмчилгээнд хэрэглэж байгаа 2 улсын 5 төрлийн эм дээр гадаадын өөр эм нэмэгдэхээр та ингээд яриад эхэллээ. Ингэхээр хэн ч хардаж, танаас асуух нь зөв л дөө.
Зөв шүү дээ. Асуух ёстой. Би асуугаасай гэж бодож байна.
-Тэгэхээр танд ямар эрх ашиг байна?
Тайлангаа тавьсан цаг хугацаа нь 4-р сар. Тэр тайлангаа тавьж байж, би бичиг цаастай болно шүү дээ. Эмийн сонсголоор болохгүй байгаа бүх зүйлийг заагаад, 12 заалт болгосон. Анзаарсан бол Нийгмийн бодлогын байнгын хороон дээр тайланг сонссон. Биелэлт нь 0. Хуулийн хэрэгжилтийг ЗГ-ын Хяналт шалгалтын газар өөрөө дүгнээд, 30-хан хувьтай байна гэж байна шүү дээ.
Энэ бүх мэдээлэл ирсний дараа би ингэж ярьж байгаа болохоос тэр хэлэлцээр, гэрээгээ маньд хэлэхгүй шүү дээ. Би мэдээ ч үгүй байсан. Сая ил болж, баримт бичиг ирсний дараа мэдээлэл цуглууллаа. Сэтгэлийн хөөрлөөр “Ингэчихсэн байна” гэж болохгүй шүү дээ. Нотлох баримт цуглуулж, тэр болгоныг дүгнэж байж, нээрээ хууль зөрчсөн юм уу, үгүй юү гэдгийг үзнэ.
Энэ бол 2 хүний маргаан биш. Салбарын гажуу тогтолцоог засах гэсэн ажил. Би эрүүл мэндийн салбарт 28 дахь жилдээ ажиллаж байна. Бас ч үгүй хөлс хүчээ зарцуулж, амьдралаа зориулсан. Энэ салбарыг өдий чинээ хөгжихөд, хувь нэмрээ оруулсан гэж боддог. Хөндлөнгөөс зүгээр нэг хараад, ажиглаад зогсож байгаа хүн биш. Би салбараа өмөөрөх ёстой. Би Их хурлын мандаттай тангараг, мөн эмчийн тангараг өргөсөн хүн. 3.5 сая хүндээ хүргэх эрүүл мэндийн тусламжийг аятайхан байлгачих юмсан, энэ салбарт ажиллаж байгаа мянга мянган эмч, сувилагчийн нэр төрийг өмгөөлөх эрх нь надад байгаа шүү дээ.
-Хоёр долоо хоногийн өмнө Т.Мөнхсайхан сайд та хоёрын дунд чуулган дээр мэтгэлцээн гэх юм уу маргаан гэх юм зүйл боллоо шүү дээ. Тэгээд чуулган завсарлаад л тушаал гарчихсан л даа. Н.Эрдэнэхүү захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ шийдвэрийг та юу гэж харж байна вэ?
Энэ байж болно. Гэхдээ нэг зүйл бий. Бид яагаад сонгон шалгаруулалт хийдэггүй юм бэ? Ерөөсөө энэ томилгоонуудыг хараарай. Дандаа дабл стандарттай. Төрийн удирдах ажил хийж байгаа сайд, дарга нарын том алдаа нь хэн надад үнэнч вэ гэдэг шалгуур тавьж буй явдал. Үгүй шүү дээ. Хэн энэ ажлыг сайн хийж чадах вэ гэдэг шалгуурыг яагаад тавихгүй байгаа юм.
Тэр байтугай 2018 онд батлагдсан Эмнэлгийн тусламжийн тухай хууль бий. Уг хуульд “Том лавлагаа шатны эмнэлгүүдийн удирдлага ТУЗ-тэй байна. Төлөөлөн удирдах зөвлөлөөсөө даргаа сонгон шалгаруулна” гээд заачихсан. Сонгон шалгаруул л даа. Дабл стандарт битгий хийгээд бай л даа. Үгэнд нь орохгүй байгаа учраас халаад байгаа юм уу гэсэн хардалт надад үүссэн.
Жишээлбэл: Н.Эрдэнэхүү захирал хэлсэн шүү дээ. 500 сая төгрөгийн такс төл гээд. Би тэрийг нь судаллаа. Юу болсон юм гээд судлахаар уул уурхайн компани 970 мянган долларын хандив өгсөн юм байна, “Үүгээр эрүүл мэндэд хэрэгтэй зүйл хий” гээд.
Манай Эрүүл мэндийн яам ямар бодлого гаргасан бэ гэхээр хамгийн сүүлийн үеийн эм худалдаж авъя гээд “Рош” компанитай хэлэлцээр хийжээ. “Рош” компани 50 хувийн хөнгөлөлт үзүүлээд, тэр эмийг нь оруулаад ирсэн. Шинэ, хосолмол, бай дархлаатай эм. Үр дүнтэй, сайн. Би баяртай байгаа.
Гэхдээ тэр нь 14 хүнийг эмчилнэ. 970 мянган долларт авч байгаа эм нь 14 хүний 6 удаагийн курс эмчилгээнийх байхгүй юу. Тэгээд гүйцэтгэлийн санхүүжилтээрээ 14 хүнийг эмчлээд, хэдэн төгрөг олно гээч. 360 орчим сая төгрөг олно. Гэтэл таксын 500 сая төл гээд байгаа шүү дээ. Энэ мөнгө төсөвт байхгүй. Төсвийн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Төсөвт байхгүй, тийм эмийг төл гэж шаарддаг нь яаж байгаа юм, айн. Тэрийг худалдан аваад мөнгийг нь төлчихсөн бол аудитын шалгалт орвол Н.Эрдэнэхүү захирал чинь шоронд орох юм биш үү? Хэрэг хүлээнэ шүү дээ. Тийм юм хийхгүй гэхээр яаж байна. Ингэж удирдаж болохгүй ээ.
-Та Н.Эрдэнэхүү захирлыг ХСҮТ-ийн захирлаар томилогдоход нь тусалсан уу?
Үгүй ээ.
-Таны хүн л гэж ярьдаг шүү дээ.
Бид хоёр чинь Анагаах ухааны их сургуулийг цуг төгссөн шүү дээ. Нэг курс, сайн найзууд. Би томилогдоход нь их баярласан. Яагаад гэхээр би ч томилдог эрх мэдэлтэй хүн биш л дээ.
-Нөлөөлж болно л доо.
Тухайн үед томилогдоход нь яагаад баярласан бэ гэхээр Н.Эрдэнэхүү захирал тэр үед Япон-Монголын эмнэлгийн ашиглалтын өмнөх захирлаар ажиллаж байсан. Япончууд япон эмнэлгийг удирдуулахаар 4 жил эмнэлгийн удирдлагаар сургаж бэлдсэн хүн байхгүй юу. Тэгээд Япон-Монголын эмнэлгийн дарга болж чадахгүй, ХСҮТ-ийн захирал болоход нь би баярласан. Тэр үед Д.Сарангэрэл сайд байсан. “Hospital management” буюу эмнэлгийн удирдлагаар мэргэшсэн хүнийг тавихад нь би баярласан.
-Сая тэгээд л таны хүнийг тантай маргаад л аваад хаячхаж байгаа юм биш үү дээ?
Үгүй ээ, тэр хүний бодлыг би мэдэхгүй байна. Энэ бол хувь хүмүүсийн асуудал.
-Эмнэлгийн салбар дээр та хоёрыг нэг хүн шиг шахуу, хавдрын эмнэлэг дээр олон жил ажиллачихсан. Хавдар судлал дээр Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү гэдэг хоёр хүн гол бодлогыг барьцгаадаг гэж ярьдаг юм билээ.
Эмнэлгийн удирдлага, бодлогын асуудал ярилцалгүй яах вэ. Ярина шүү дээ. Энэ чинь хавдрын асуудал. Нийтдээ хорт хавдраар өвчлөөд, үүнийгээ даван туулж байгаа 30 гаруй мянган хүн байна. Би ч гэсэн хавдрын эмч байхдаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлье гээд зүтгэж байсан хүний хувьд дуугаралгүй яах вэ. Байнга ярина шүү дээ. Энд ерөөсөө хаалттай, нээлттэй юм байхгүй. Яаж хавдрыг эрт оношилж, нас баралтыг бууруулах вэ гэдэг бол хавдрын асуудлын хамгийн том түлхүүр. Ярихгүй байж болохгүй, ярина.
-Таныг хардаад байдаг вэ гэхээр таны үед шийдвэр гараад, тантай хамааралтай эмнэлэг хоёр давхарт нь орсон юм уу даа. “Медпортал” бил үү? Тэгээд өөрийнхөө харилцаа хамааралтай хүнээ тавиад явж байгаа болохоор эрх ашиг нэгтэй байна уу гэж хараад байна л даа. Тэр эмнэлэг тантай ямар хамааралтай юм бэ?
Би энийг асуугаасай гэж бодсон юм. Энэ миний хамгийн сайн хийсэн ажил юм шүү дээ. Би ХСҮТ-ийн захирал байхдаа 160 орчим метр кв талбайг Хавдар судлалын төвд байхгүй байгаа тусламж үйлчилгээг нөхөх зорилгоор гэрээ хийсэн. Хувийн хэвшлээр 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ХСҮТ ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр гэрээ хийсэн. Ингээд CT, MRI буюу өндөр өртөгтэй оношилгооны аппарат оруулаад, талбайгаа түрээсэлсэн юм. Тэндээс олсон орлогоос нь ХСҮТ авахаар гэрээ хийсэн шүү дээ.
Тэгээд намайг гүжирдсэний улмаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад, “ТВ4” намайг гүтгэж мэдээлэл гаргасныхаа дараа уучлалт гуйсан. Мөн АТГ 5 удаа шалгасан. Энд Ж.Чинбүрэн хамааралтай юу, үгүй юү гээд. Би УИХ-ын гишүүн болсноос хойш Эрүүл мэндийн 5 сайдын нүүр үзэж байна. Бүгдэд нь хэлдэг. “Улсын эмнэлгүүдийн талбай түрээсэлж буй байгууллагуудтай ийм жишгээр гэрээ хийгээч” гэж. Яагаад бид орлогоос нь авахгүй байгаа юм. Зөвхөн талбай түрээсэлж байна. Тэгээд ийм сайн хийсэн ажлыг хамгийн муу болгож харуулж байна. Орчин цагийн ухуулга, сурталчилгаа ямар аймаар юм бэ гэдгийг үүнээс олж хардаг.
-Гишүүн ээ! ХСҮТ-д таны үед байхгүй байсан байх нь. Сүүлийн 5 жил Н.Эрдэнэхүү захирлыг ажиллаж байх үед хэрэгтэй томограф, MRI нь байхгүй л юм байна лээ шүү дээ. Тэгээд Австрийн тусламжаар 6 дугаар сард оруулж ирэх юм байна лээ шүү дээ.
Тэр төслийг хэн хийсэн гээч.
-Та хийсэн үү?
Тийм. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 10 сая еврог ХСҮТ-д оруулж ирэх гэж хэчнээн хөөцөлдсөн гэж санана. Батлагдаад 3 жил болж байна. 3 жил болоход СТ, MRI, ангиограф, мөн Эрт илрүүлгийн төв барих мөнгийг нь хүртэл суулгаад, төсөл бичиж өгсөн. “Медпортал” хүртэл MRI оруулж ирэх үү?
-“Медпортал” чинь хэдэн онд гэрээ байгууллаа?
Миний санаж байгаагаар цар тахлын өмнө буюу 2019 онд санагдаж байна. Ямар сайндаа ЗГ-ын Хэрэг эрхлэх газраас тухайн үед ковидын цар тахалтай үед энэ жижиг талбайгаас яаж 500 сая төгрөгийн орлого олов гээд гайхаж байсан.
-“Медпортал” тийм орлого олж байгаа юм уу?
Хавдар судлалд өгч байгаа орлогоос нь байхгүй юу.
-Хэдэн хувийг нь авч байгаа билээ?
Эхлээд 15% байсан. Жил болгон нэмэгдээд, 25 хувь болсон.
-300 сая гэдэг нь 15 хувийнх нь ашиг гэсэн үг үү?
Бараг тэгж тооцох байх аа. Би нарийн мэдэхгүй байна. Ер нь орлогоос нь ашиг авдаг түрээсийн байгууллага өөр байна уу гээд үзээрэй, Лхагва аа! Миний хамгийн сайн хийсэн ажил гэж хэлээд байгаа нь тэр байхгүй юу.
-Жилд 7000-8000 хүн хорт хавдраар оношлогдоод, эдгээрээс 60-70 хувь нь хожуу шатанд ороод, өдөрт 14 хүн нас барж байхад, улс орны зовлон, гамшиг болж байхад яагаад ХСҮТ томограф, орчин үеийн технологийн юмгүй байж ирсэн юм бэ?
Ер нь ийм шүү. Заавал тоног төхөөрөмж эзэмших нь давуу тал байдаггүй юм. Яагаад гэвэл үйлчилгээний зардал өндөртэй. Та хэд санадаг уу, үгүй юу. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гээд Засгийн газрын ордны хажууд байгаа. Тэнд MRI тавиад, тэрийг зөөх гэж байгаад гелийг нь асгаад, засах гэж, буцааж ажиллуулах гэж бараг 10 тэрбум төгрөг болсон. Зөвхөн MRI-д жилдээ 150-200 сая төгрөгийн үйлчилгээ шаардагдана. Хэвийн ажиллаж байхад нь, зөвхөн үйлчилгээнд нь шүү дээ. Цахилгаан, доголдол, тоног төхөөрөмж гээд тэр бүрийг нь засна. Компьютер томографийн зардал байнгын 70-80 сая. Тендер зарлахаар яаж үнэ нэмдэг билээ. Манайхны тендер зарладаг арга нь шүү дээ. 3 тэрбум төгрөгийн аппарат 5 тэрбум болчихдог шүү дээ. Хувийн эмнэлгүүд 2-3 тэрбум төгрөгийн CT, MRI оруулаад ирж байгаа. Улсын эмнэлэг 5 тэрбумаар авна шүү дээ. Тендерийн хулгай, булхай гэдэг энэ. Ингээд худалдаж аваад ажиллуулах зардал өртөг нь өндөр учраас түрээслээд, орлогыг нь авдаг тогтолцоо олон улсад хэлбэршсэн.
Намайг ХСҮТ-ийн захирал байхад компьютер томографын аппараттай болсон. Тэр нь Монголд байхгүй. Жин ихтэй хүмүүс оношлуулах боломжтой СТ суурилуулсан. УИХ-ын гишүүн болоод, Австрийн ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 сая евро дотор MRI суурилуулахаар мөнгийг нь төсөвт суулгасан. Тэрийг хурдан хийсэн бол 3 жил хүлээх шаардлагагүй.
-Би таны хэлсэн 300 сая нь 15 хувийн ашиг гэхээр бодож үзлээ. Жилийн орлого нь 2 тэрбум. 2019 оноос хойш 6 жил гэхээр 12 тэрбумын ашиг орлого тэнд явчхаж байгаа юм биш үү?
Тиймээс ХСҮТ-ийн гадуур хувийн эмнэлгүүд ямар хүчтэй ажилладаг гэж санана. Одоо ХСҮТ-ийн ард “Бриллиант” гээд эмнэлэг байгаа. Өндөр өртгөөр компьютер томограф 24 цаг ажиллуулдаг. Даатгалаас ямар ч квотгүйгээр, бүгдийг нь санхүүжүүлдэг. Тэд ХСҮТ-ийн зах зээлийг булаахын тулд “Медпортал”-ыг байнга доромжилж дооглосоор байгаад гаргасан шүү дээ. Тэндээ орлогоо хийх гээд.
-Яах вэ. Ийм ашиг орлого байгаа учраас тэнд асуудал байгаа юм биш үү гэж асуугаад байна л даа.
Даатгалын хуульд өөрчлөлт оруулахдаа ард иргэддээ аль болох хөнгөлөлттэй байх гээд оношилгооны 60 хувийг даадаг болсон шүү дээ.
-Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхгүй хэцүү байна. Сар хүлээх болж байна гээд танил тал хайгаад явж байна. Хувийн хавдрын эмнэлгийг төсвөөс шилжүүлэх байдлаар авах юм уу даа. Гишүүн асан Н.Билэгтийн эмнэлэг байсан шүү дээ. Энэ эмнэлгийг төсөвт шилжүүлээд авахад таны оролцоо байсан гэж тухайн үед хэвлэлээр яриад. Энийг та юу гэж тайлбарлах вэ?
-Эмнэлгийн ачааллаа бууруулахын тулд талбайгаа томсгох ёстой л доо. ХСҮТ 25,000 метр талбайд үйл ажиллагаа явуулж байна. Үйлчлүүлэгч байнга нэмэгдэж байна. Хуучин тогтолцоо илүү ор шүтсэн тогтолцоо байсан. Одоо орчин цагт өдрийн эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ гээд тогтолцооны хувьд өөр болоод шинэчлэгдэж байгаа. Би ХСҮТ-ийн захирал байхдаа, яаж талбайгаа тэлэх вэ гээд сонирхсон юм. Одоо 4 дүгээр эмнэлэг гэж яриад байгаа. Тухайн үед Н.Билэгт гишүүн байсан. Тэгээд 2 яамнаас ажлын хэсэг гараад, хэлэлцээр хийсэн. Энэ эмнэлгийг ХСҮТ-д авбал болох уу, үгүй юү гээд судалсан. 10 сая долларт авчихвал хавдрын тусламж, үйлчилгээнд дэвшил гарна гэсэн дүгнэлт гарсан.
Төд удалгүй Н.Билэгт гишүүн “20 сая доллар” гэсэн. “10 саяд боломжтой” гэсэн хэлэлцээр хийгээд, судлуулж судлуулж боломжтой болонгуут “20 сая” гэхээр нь больсон. Тэгээд хавдрын шинэ эмнэлэгтэй болтол талбай түрээслэх асуудал яригдсан. Тухайн үед 2019-2020 оны төсөвт төсөв хүртэл тавьсан шүү дээ. Тэгсэн тэр эмнэлэг дотор хагалгааны өрөө байдаггүй ээ. “За та хагалгааны өрөөгөө бэлдээрэй. Түрээсэлнэ шүү” гэсэн чинь “Та нар мөнгө тавьсан. Түүгээрээ хийхгүй юү” гэж хувийн эмнэлэг дээр улсын мөнгөөр хөрөнгө оруулалт хийлгэх гэсэн. Үүнийг эсэргүүцсэн. Үүнээс болж “Миний бизнесийг Ж.Чинбүрэн гацаасан” гээд 4 жил хэвлэлээр элдвээр хэлсэн. Их овжин сэтгэсэн.
-Хохирол учруулаагүй юм уу?
Яаж хохирол учруулах юм. Хувийн эмнэлэг шүү дээ. Улс худалдаж аваагүй. Манай дүү чинь барилгын компанитай. Улсын нэг ч ажил хийж үзээгүй. Дандаа хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажилладаг. “Энийг хийгээд туслаад өгөөч” гэхэд “Эмнэлэг юм чинь тусалъя” гэсэн. Тэгтэл “Аж ахуйн аргаар чанаргүй юм хийхээ больё. Энэ чинь бүтэхгүй юм байна” гээд хаяад гарсан. Тэгээд бүр хийсэн ажлыг нь үгүйсгээд, УИХ-ын гишүүнээр далайлгасаар байгаад, манай дүүгийн компаниар 200 сая төгрөг төлүүлсэн шүү дээ.
-Төлсөн үү?
Төлсөн. Бүр УИХ-ын гишүүнийхээ бланк дээр “Н.Эрдэнэхүү захирлыг огцруул” гэж бичиг бичиж байсан шүү дээ. Түрээсийн гэрээ хийхгүй байна гээд. Лхагва аа, чи бод л доо. Хүн байшин түрээслэх гэж байна. Гал тогоо байдаг биз дээ. Үүнтэй адил хагалгааны хэсэг байх ёстой биз дээ.
-Хамгийн чухал хэсэг шүү дээ.
Гол нь тэр шүү дээ. Тэгсэн чинь “Улсын төсөвт мөнгө тавьсан гэсэн. Тэрүүгээрээ хий” гэсэн. Энэ чинь шударга биш шүү дээ. Ийм байж болохгүй. “Улсын мөнгө уйлдаггүй” гэж ярьдаг. Уйлдаг юм шүү. Тэгж дураараа загнаж болохгүй. Тэгээд Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь шүүх битүүмжилсэн байгаа биз дээ. Тэгэхэд “160 тэрбум төгрөг” гээд хээв нэг хэлээд зогсож байгаа шүү дээ. Яаж санаанд нь ордог юм бэ? Би ойлгохгүй байгаа.

Т. Мөнхсайхан сайдын хэлсэн нэг зүйлийг асуух хэрэгтэй болчихлоо. Энэ өнөөдрийн хугацаанд орж ирж байгаа хавдрын 5 төрлийн хоёр улсын эм байна. Энэ ер нь чанарын хувьд ямар эм бэ? Та эмч хүний хувьд хэлээч. Химийн маш их хортой гэх зэргээр ярьдаг юм байна лээ.
Эмийн чанар гэдэг бол найрлага, биед шингээх туслах бодис зэрэг аягүй олон зүйлээс хамаардаг. Жишээлбэл: АНУ, Канад, Японд ч гэсэн хавдрын эсрэг хими эмчилгээ хийлгэхэд үс унадаг, хорддог. Гагцхүү хордлого тайлах тусламж, үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: Миний дотно найз, солонгос ах маань саяхан нас барсан. Тэр ходоодны хорт хавдартай болоод, хагалгаа хийлгэж, араас нь химийн тариа хийлгэж байгаад, тэрийгээ даалгүй өнгөрсөн. Энэ чинь тохиолдож л байгаа асуудал. Гагцхүү эмчилгээний арын хордлого тайлах эмчилгээг илүү сайн хийх ёстой.
Дээрээс нь чанар шууд хамаатай. Өнөөдөр миний хэлээд байгаа зүйл бол Солонгос компанийн үйлдвэрлэж байгаа эм нь бүгд найдвартай гэж хэлэхийн тулд Солонгосын Эм, хүнсний агентлаг нь уг эмийг дотоодынхоо зах зээл дээр гаргахыг зөвшөөрсөн л байх хэрэгтэй. Түүнээс Монголд зориулж битгий үйлдвэрлээрэй. Энийг л хэлээд байгаа юм. Бид итгэлцэл гэдэг ийм журам хуульд оруулж өгсөн. Тийм учраас энэ том зорилгоосоо ерөөсөө чанарын ухралт хийж болохгүй.
Монголд зориулаад л үйлдвэрлэвэл чанаргүй болох, тун багасах, доторх түүхий эдийн найрлагаа өөрчлөх магадлалтай. Өнөөдөр Дэлхий даяараа 80-аас их хувийн түүхээ эдээ Хятадаас авч байгаа. Тэр нь 3 зэрэглэлтэй. Нэг зэрэглэл дээшлэхэд, эмийн үнэ 10 хувиар ихэсдэг. Тийм учраас энэ их түүхий эдийн цэвэршилт, чанарын асуудал өөрөө их чухал. Бид одоо Монголд зориулж үйлдвэрлэсэн биш, тухайн улсынх нь хүмүүс уудаг эмийг л Монголдоо авъя гэдгээсээ хэзээ ч ухарч болохгүй.
-Үнийн зөрүүг иргэд өөрсдөө төлөх сонголт өгөөд, Япон, Солонгос, Сингапур, Тайвань ч юм уу, улсаас эм оруулж ирэх боломжийг яаж нээж өгөх юм бэ? Уг нь Солонгос яваад хордлогоо тайлаад, эмчилгээ хийлгээд байх цаг хугацаа, зардлыг нь хэмнээд, эм оруулж ирж байгаа нь иргэддээ хэрэгтэй зүйл биш юм уу?
Хэрэгтэй. Тэрийг хэрэггүй гэж яриагүй. Хууль ёсны дагуу хийгээрэй.
–Таныхаар жишээ нь яаж хийхээр байна?
Хамгийн сайн чанартай эмийг хэрвээ өртөг нь өндөр байгаад зөрүүг нь иргэн өөрөө төлөх сонголттой байя гэж хэлэх гээд байна аа даа. 1-рт, эрүүл мэндийн тусламж бол зах зээлийн бараа, үйлчилгээнээс шал өөр шүү. Бид иргэдээ мөнгөгүйгээс болоод, хамгийн муу эм ав гэх үү? Энэ бол хамгийн муухай, балиар, шударга бус тогтолцоо. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт хийх гэж миний зорьж байгаа зүйл бол хүн санхүүгийн боломжоосоо үл хамааран, эмчилгээ, тусламж үйлчилгээ авдаг байх юм. Тэр тусламж, үйлчилгээ Дэлхийн хамгийн шилдэг л байх ёстой. Бидэнд уул уурхай, энэ их баялаг, энэ их мөнгө байна. Юунд нь харамлаад байгаа юм. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сайныг нь авъя л даа, хэдүүлээ. Шударга, хууль журмынх нь дагуу хамгийн сайн тусламжийг авъя .
-Хамгийн сайныг нь хямдаар яаж олох гэж байна гэхээр та байгалийн баялгаа ашиглая гэдэг зүйл хэлэх гэж байна уу?
Үгүй ээ. Байж байгаарай. Бидэнд мөнгө байгаа гэж хэлэх гэж байна. Тэгэхлээр ард иргэдээ мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаад, та сонголтоо хийгээд, энийг аваарай гэдэг чинь өөрөө хүнлэг биш байхгүй юу? Жишээлбэл: Д вирусийн эмчилгээн дээр гарсан. Би бүр ЭМЯ-ыг АТГ-т өгч байж болиулсан. Тийм болохгүй эмийг заавал авч яах гээд байгаа юм. Хуучирсан эм үр дүнгүй гэдгийг нь 2012 онд ХӨСҮТ судлаад, тохирохгүй юм байна гээд дүгнэлт гаргачихсан. Яагаад ингэж шуналтаад, хүний өвчнөөр түрийвчээ түнтийлгэх гээд байдаг юм.
-Ер нь эрүүл мэндийн салбарт хүний өвчнөөр, эрүүл мэндээр түрийвчээ түнтийлгэсэн, авлигад автсан асуудал асар их байна. Энэ асуудлыг хэдүүлээ шийдэхгүй юм уу? Хамгийн сүүлийн жишээ гэхэд манайд гомдол ирлээ. Нэгдүгээр эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд антибиотик буюу тэр үнэтэй тариаг нь хийж байгаа гээд зардлыг нь аваад хийгээд байсан гэж байна. Гэтэл нас барсан. “Нас барсных нь дараа уг эмийг шинжилгээнд өгөхөд ямар нэгэн антибиотик гарч ирээгүй” гээд ярилцлага, мэдээлэл өгөөд явж байна. Үүн шиг олон зүйл байна.
Ер нь бид хяналтын тогтолцоог маш сайн болгох ёстой юм аа. Өнөөдөр бид зөвхөн ЭМДС-гаас жилдээ авч байгаа тусламж үйлчилгээ, эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо давхардсан тоогоор шүү 5 сая гараад явчихсан байна. 2021 онд ердөө 1.2 сая орчим л байсан. Тусламж үйлчилгээ тэлээд байна. Бид даатгалын сангийн мөнгийг нэмээд байгаа шүү дээ. Хасаагүй. Жишээлбэл би түрүүн Т.Мөнхсайханы худлаа хэлсэн гэдэг дээр 360 сая төгрөгөөр эм суулгасан гээд байгаа биз дээ.
-Даатгал дээр нэмж суулгасан гэсэн. Тэр нь бүр хүрэхгүй байна гээд байгаа.
Тэгээгүй. Сайн дурын даатгуулагчийн төлбөр 90 мянга байсан нь 180 мянга болсон. Дээр нь цалингийн доод хэмжээ нэмэгдсэн. Төрийн албан хаагч болон төрийн ажил хийж буй улсуудын цалин 20-40 хувь нэмэгдсэн. Энэ болгонтой холбоотойгоор санхүүгийн нэмэгдэл, татвар төлөгч бидний мөнгө нэмэгдэж байгаа байхгүй юу. Өнөөдөр цалин 1-2 сая төгрөг болоход би цалингийнхаа 2 хувийг ЭМД-д төлж байгаа. Тэр 200 мянга чинь шууд 400 мянга болж байгаа.
-Одоо хамгийн сүүлийн нэг жишээ байна. Эрүүл мэндийн салбарт ЭМДЕГ мөнгөтэй л газар юм даа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынх нь дарга нь баривчлагдаад, АТГ-т саатуулчхаж байна. 2-3 хонож гарч ирээд одоо хэрэг нь шүүх дээр явж байгаа юм уу даа. Араас нь дахиад ЭМДЕГ-ын даргаар нь авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа хүнийг томилчхож байна. Ийм зүйл байж болох уу? С.Энхболд гэдэг хүнийг.
Би энийг чинь л шүүмжлээд байгаа шүү дээ. Тэгтэл хувь хүмүүсийн яриа болгоод байх юм. Үгүй шүү дээ. Би тэр яриаг сонсоод бүр инээд хүрсэн. Өөрөө хүртэл эгдүүцээд, инээгээд байна лээ. Т.Мөнхсайханы хариултыг ганцаараа мэдээгүй юм билээ шүү дээ. Монгол Улс даяар энэ асуудал яригдаж байхад ганцаараа мэдээгүй байж байна лээ. Ганцаараа рийл хийгээд, гоё утастай л юм байна лээ. Утас нь дээр нь мэдээлэл ирдэггүй юм уу. Сошиал хардаггүй юм уу. Тэгж хэлсэн биз дээ. Бүр асуудал нь хөндөгдөөд. Би түүхийг нь ч мэднэ. Яагаад гэхээр эрүүл мэндийн цахим шилжилтийг хийх гэж би Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн байхдаа Дэлхийн банкнаас 19 сая доллар олж өгсөн. Сүүлдээ “Та нар чадахгүй юм байна” гэхэд нь “Одоо яг хийнэ ээ. Бид чадах байх аа. Тэрийг хийе” гээд. Тэгэхэд С.Энхболд сайд байсан. Тэгээд бүтэн хоёр жил ноцолдож ноцолдож, ганцхан апплэйкшний төлөө ажилласаар байгаад бүтэлгүйтээд, Дэлхийн банкнаас аудит ирээд “Өө монголчууд хийж чадахгүй юм байна” гээд мөнгөө хурааж аваад, дээрээс нь сая долларын өрөнд орсон шүү дээ.
Аппликэйшнүүдийг ажиллуулах зориулалттай дэд бүтэц хийх ёстой болохоос нэг аппликэйшн хөгжүүлэх төсөл биш. Яагаад ийм юмыг ойлгож болдоггүй юм. Энэний үр уршгаар өнөөдөр цахим шилжилтээ бид хийж чадаагүй. Даатгалын байгууллага хоёр хүн шиг хоорондоо уулзаад байна шүү дээ. Нэг ёсондоо би даатгалынхаа гүйцэтгэлийн мөнгөө авах гэж тэр даргатай очиж уулзах ёстой болж байна. Уг нь цахим байгаад, уулзахгүй байвал, цахим худлаа ярихгүй биз дээ. Цахимд танил тал гэж байхгүй. Очиж авлига өгөх шаардлага байхгүй. Яагаад ийм тогтолцоо байлгаад байгаа юм. Бүр ялзарсан.
-Яагаад ийм томилгоо явж байхад нь тухайн үед нь болохгүй гэдэг зүйлийг хурцаар хөндөж яриагүй юм. Хоёрдугаарт, та эмийн мафийн төлөөлөл гээд Т.Мөнхсайхан сайдыг хэлчихлээ. Томилогдож байх үед нь мэдээгүй байсан юм уу?
Би бүр чуулган дээр хүртэл хэлсэн. “Эгдүүцэж байна” гэж. “Энэ томилгоогоо сонс” гээд их хурлын даргад анхааруулж хэлсэн. Хар даа, эрүүл мэндийн салбарт бүр Т.Мөнхсайханы хэлснээр доголдуулсан хүн нь очоод, зас гээ биз дээ. Би бүр чуулган дээр “Авдрын цоожийг нь мануулахаар нөгөө болохгүй болгосон хүнээ авчраад тавьчихлаа, та нар. Би энд эгдүүцэж байна” гэж хэлсэн.
Хоёрт, би энэ салбарыг хөгжүүлэх гэж зүтгэж яваа хүн байхгүй юу. Зүгээр хажуугаас нь хараад явж байгаа хүн биш ээ. Надад асар их ашиг сонирхол байгаа. Энэ салбарыг хөл дээр нь босгочих юм сан. Энэ салбарт ажиллаж байгаа сайн эмч, сайн сувилагчийн эрх ашгийг хамгаалах нь чухал. Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд алдаа гаргачхаад, эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч, эмч хоёрыг хооронд нь маргалдуулаад байна. Хүний гараар могой бариулаад байна.
Одоо эмнэлгүүдээр яваад үз. Оочир дараалал дийлэхгүй. Эмнэлгүүд нь төлбөр төлөхгүй бол авч чадахгүй, хэвтүүлэхгүй гээд байж байна. Тэгээд асуусан чинь “Би эмнэлгээр явж үзээгүй” гэсэн биз дээ. Сайд нь эмнэлгүүдээр яв л даа. Гоё сайхан рийл хийгээд байдаг юм байна. Хэвлэл мэдээлэлгүй зүгээр эмнэлгүүдээр яв л даа. Би 7 хоног болгон ХСҮТ дээр очиж байгаа. Би залуучууддаа очиж, хагалгаа зааж өгч байгаа. Тэр зовлонгуудыг мэдэж байна. Ингээд ажилла л даа.
-Долоо хоног болгон та ХСҮТ дээр очиж байна гэж байна. Ер нь нөхцөл байдлыг харахад сүүлийн 5 жилд юу өөрчлөгдөж, юу хөгжиж дэвшсэн байна. Оочир эмнэлгийн тусламж, бид нарын хувьд бол хэцүү хэвээрээ л байгаа.
Тогтолцооны том өөрчлөлт орсон. Маш том тогтолцооны өөрчлөлт орсон. Юу гэхээр бид төлөвлөгөөт эдийн засгаасаа гүйцэтгэлийн санхүүжилт рүү орсон. Энэ ажлыг би өөрөө ахалсны хувьд мэдээд байгаа юм. 2020 онд 8 удаагийн парламентаар сонгогдоод, би БЗД-тээ 2 ч удаа хамгийн их санал авч гарлаа. Энэ болгондоо “Би бүх монголоо эмчилнэ” гэдэг том уриатай явснаас надад өөр ашиг сонирхол алга. Тэр хугацаанд бид нар төлөвлөгөөт эдийн засаг буюу оронд санхүүжүүлдэг тогтолцооноосоо гүйцэтгэл буюу чанар луу өрсөлдөх ийм тогтолцооны том реформ хийсэн. Энэ буруу биш шүү.
Даатгал, эрүүл мэндийн хуульд өөрчлөлт орсон. Эмийн агентлаг байгуулж өгч, эмийн чанар дээр онцгой анхаараарай. Эмийн лавлагаа лабораторитой болоорой гээд хууль эрх зүйн орчныг нь хийгээд өгсөн. Тэгсэн одоо эмийн лавлагаа лабораторийг нь харчих даа. Хөлдүү шингэн оруулж ирсэн шинжээчийн тухай Эмийн сонсголын үеэр ярьсан. Өнөөдөр Засгийн газарт юу байна гээч. Хяналт шалгалтын газарт эмнэлгийн эрүүл мэндийн асуудал хариуцсан Монгол Улсын ерөнхий байцаагч болчихсон Баасанзаяа гээд эмэгтэй сууж байна. Энэний араас хөөцөлдөөд явтал сая нярай хүүхдэд зориулсан Д витаминыг хөлдөөгөөд оруулаад ирчихсэн байна. Гааль, эмийн лавлагаа лабораторынхонтой ч уулзлаа.
-Д витаминаа оруулж ирээд худалдаанд гаргачихсан юм уу?
Гаалиасаа гараад явчихсан байна. Эмийн хууль дээр бид оруулаад ирчихсэн байгаа. Хэрвээ гаднах үзэгдэх байдлаараа сав баглаа нэвтэрсэн, хагарсан, хөлдсөн байх юм бол юун шинжилгээ хийх, шууд буцаах ёстой. Тэгсэн чинь одоо оруулж ирээд Эмийн лавлагаа лаборатори нь шинжлээд “Хариу нь гараагүй байна аа” гээд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга нь надад бичиг явуулж байна. Хариу гаргах биш, шинжлэх хэрэггүй шүү дээ. Хил дээр устгах ёстой биз дээ.
-Хөлдөнө гэдэг чинь химийн найрлага нь өөрчлөгдөнө гэсэн үг биз дээ. Хамгийн наад захын ойлголтоор
Эсвэл наранд шарчихсан байвал яах юм. Тэр чинь ганцхан биш. Дагалдаад 4, 5 төрлийн эм цуг яваа. Хөлдчихсөн байна. Тэр байцаагч бүр хөлдүүг нь үзүүлж байна. Яагаад засрахгүй байгаа юм. Энд хэний сонирхол байгаад байна. Яагаад энэ шинжилдэг лаборатори дээр сайд нь очоод шалгаад, сайжруулж болохгүй байгаа юм.
Яг хажууд нь Хүнсний лавлагаа лаборатори байж байгаа. Хамгийн сайн шинжилдэг аппарат авчихсан. Тэр нь ажиллаж байна. Манай салбар гэхээр яачихсан юм. 2024 оны 10-р сарын 1-нд аваад өгсөн аппарат нь одоо хүртэл ажиллахгүй байна. Жишээ нь. Хүнс зүгээр хайрагдсан, түлэгдсэн байхад л устгадаг. Хүнсний дуусах хугацаа гуравны нэгээс дотогшоо орсон байвал хилээр оруулахгүй. Тэгэхэд эм яаж байна. Тулгаж тулгаж хямдрахаар нь олж авч, оруулж ирээд. Монголчууд бид хаашаа юм хогийн сав юм уу. Энэ чинь үндэсний аюулгүй байдал шүү дээ. Энийг яриад би уурлаад шүүмжлээд байгаа.
Энэ ажлыг би өөрөө ахалж хийсэн учраас үр дүнгээ хүсээд байна шүү дээ. Энэ ажлыг би ахлаад, эмийн хуулиараа тэр олон хулгайг болиулсан. Биелүүлэхийг хүсээд байна. Битгий хоёр хүний хувийн асуудал болго л доо. Бүр “Эм болон хүнсний лавлагаа лабораторийг нэгтгэ” гэсэн их хурлын тогтоол байгаа. За энийг яасан бэ гэхээр “Энэ ч тэгээд зөв ч юм уу, буруу ч юм уу” гээд яриад сууж байдаг сайд байдаг юм уу. Бүхэл бүтэн УИХ гаргасан хууль шүү дээ.
-Таны хэлээд байгаагаар эмийн том бүлэглэл бий болоод, төрд ороод иржээ. Улс төрийн хувьд хариуцлага тооцох зүйлийг та өөрөө санаачлаад явж болдоггүй юм уу. Хуулийн байгууллагууд ажил нь удааширлаа. Төрд, улс төрд байгаа хүмүүсийг яаж шалгадгийг та мэдэж байгаа шүү дээ.
Миний чадах хэмжээ байна аа. УЕПГ, АТГ-т хоёр ч удаа өглөө. Би яг эмийн түр хороо ажиллуулаад, тайлангаа хоёуланд нь өгсөн. Сая дахиад өглөө. Бүлгийн хурал дээр хэлж байна. Ярьж байна. Ерөнхий сайдад ороод хэлж байна. “Энэ томилгоо чинь болохгүй ээ” гэж хэлсэн. Түүнээс энд ганцаараа яриад зогсоод байгаа юм биш шүү дээ.

-Ерөнхий сайд ямар хариу өгөх юм?
“Хэрэггүй байх даа л гэж би уг нь хэлсэн. Тэгээд оруулаад ирлээ” л гэж байна лээ.
-Эмийн асуудлыг уу?
Биш ээ. С.Энхболдын томилгоог
-Танд ер нь сайд болох амбийц байна уу?
Нэг инээдтэй юм байна аа. Их хурлын гишүүн хянан шалгах үйл ажиллагаагаа явуулаад, шаардаад шахах гэхээр энэ өөрөө ингэж байгаад сайд болох гээд байх юм гэх юм.
-Тэгж байгаад сайд болчихдог шүү.
Би харин хэлж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын энэ кабинетад би Т.Мөнхсайханыг унагаад сайд болохгүй. Тийм зорилго би агуулаагүй. 3.5 сая иргэнээ өмгөөлөх гэж, их хурлын гишүүний хувьд ард түмнээ өмгөөлөх үүрэгтэй. Тэгээд салбараа өмгөөлөх үүрэгтэй.
-Ерөнхий сайдын кабинетад боломжтой гэж харж байна уу?
Ийм туйлын зорилго тавиагүй гэж хэлж байгаа биз. Т.Мөнхсайханыг унагааж оронд нь суудлыг нь авах гэж ийм юм хийж байгаа биш шүү.
-Төсөвтэй холбоотой хэдэн асуух зүйл байна. Сая та хэллээ. Чанарын шаардлага нь хангасан, иргэдэд хэрэгтэй байгаа тэр эм, эмийн үйлчилгээг иргэдэд ялгаваргүйгээр үзүүлье гэж хэлж байна. Энийгээ яаж хэрэгжүүлэх юм?
Жишээлбэл: Заавал олон сонголт хэрэггүй. Энийг чанартай шүү гэж хэлэхэд л эрүүл мэндийн тусламж, эмнэлгийн тусламж авч байгаа хүн, эмч хоёрын мэдлэгийн ялгаа асар их зөрөөтэй. Нэгэнт сайн, чанартай зүйлийг заавал өөр юмаар орлуулах хэрэггүй. Жишээлбэл: С вирусийн эсрэг эмийг Монгол Улс даяар нэвтрүүлсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр 2016-2020 оны парламентын хамгийн зөв шийдвэр байсан. Үүнд би өөрөө оролцсон. Тэр үед АНУ-д үйлдвэрлэдэг “Harvoni” гэдэг эм 90.000 ам.доллар байлаа. 3 сар уух эм. Тэгэхэд Монгол Улс 99 хувийн хөнгөлөлттэй үнээр аваад, тэр эм нь Монголын зах зээл дээр 760 орчим мянган төгрөг болж байсан санагдаж байна.
Яг энэнтэй адилхан АНУ-д С вирусийн эм үйлдвэрлэдэг, Энэтхэгийн үйлдвэр “Ледвир” гэдэг эмийг бас оруулж ирсэн. Энэ дээр эрдэмтэн, судлаачид ажилласан. Үр дүн нь яг адилхан юм уу? Тийм. Яг патентаар нь үйлдвэрлэсэн учраас ялгаа байхгүй. Тэгвэл ЭМД-аас 460 мянгыг нь даая. Яг Америкийн оргинал бүтээгдэхүүнийг авъя гэж бодож байгаа бол 300 мянган төгрөгийн зөрүүгээ төлөөд ав гэдэг харьцуулалтыг эрдэмтэн судлаач хийсэн. Тэр нь зөв байсан. Ямар ч гаж нөлөөгүй, адилхан. С вирусийг устгаж чадсан уу, адилхан. Тэгэхээр энэ харьцуулалт нь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд тулгуурласан л байх ёстой. Нөгөө бүтээгдэхүүнийг нь “Женерик” гэж нэрлээд байгаа. Патентаар нь үйлдвэрлэж байгаа болохоор “Женерик” болчихдог. “Женерик” эм болгон муу биш. Тэрний харьцуулалт үйлдвэрийн өөрийнх чадамж, нөхцөл байдал, тээвэрлэлтийн горим, оруулж ирж байгаа байдал зэрэг бүгдийг нь дүгнэнэ. Энэ ажлыг хийсэн, Эмийн агентлаг байгуулагдсаны зорилго нь тэр. Ийм байхад бид найдвартай эмчлэх юм байна. Ялгаагүй.
-Миний бодлоор танай эрүүл мэндийн салбар бодлогын хувьд, тогтолцооны хувьд зарим зүйлээ өөрчилмөөр санагдаад байгаа. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалтуудыг чинь харахаар эмнэлэг барина, цалингийн зардал гээд явчихна. Мэдээж хүн хүч хэрэгтэй байх. Дээрээс нь эмнэлгийн үйлчилгээ, эм гэдэг ч юм уу, энэ тал руугаа яваад байна.
Хүмүүсийг эрүүл мэндээ хамгаалдаг болгох чиглэл рүү бодлогоо чиглүүлэхгүй юм уу. Эрүүл мэндээ хүн өөрөө л хамгаална биз дээ. Би архи уугаад, тамхи татаад, халуун ногоотой хоол идээд, болохгүй зүйл хэрэглээд яваад байвал миний эрүүл мэнд л муудна шүү дээ. Тэрнийхээ хариуд хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэнддээ зардал гаргах ёстой. Ийм сонголт хийх эрх үлдээх ёстой юм биш үү л гэдэг бодол байна, сэтгүүлчийн хувьд.
Зөв зөв. Хариуцлагатай байх. Дор хаяж ээж аав нь хүүхдийнхээ шүдийг зөв угаалгаж сургах, багаас нь чихэр ихтэй зүйл идүүлэхгүй байх ёстой. Илүүдэл жин, архи, тамхи гурвыг байхгүй болгоход л хавдрын 30 хувийг байхгүй болгоно. Тэр ч утгаараа бид өнгөрсөн парламентад Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль баталсан. Бид асар их хууль, эрх зүйн том шинэчлэл хийж өгсөн. Нэг ёсондоо нийгмийг эрүүл мэндийн боловсролтой болгох хуультай болсон.
-Дөнгөж өнгөрсөн жил.
Тийм тийм. Дөнгөж гэхгүй ээ. Бас чамлахгүй. Энэ чинь бас их цаг хугацаа орно. Хууль гаргана гэдэг чинь нэг өдөр босоод л орон дотроо хийчихдэг зүйл биш л дээ.
-Гэхдээ бас олон улсын туршлага байгаа шүү дээ.
Тэгэлгүй яах вэ. Тэгээд яг өөрийн чинь асуусан асуулттай холбоотой бид нөгөө Copayment гэж нэрлээд байгаа. Иргэн өөрийнхөө талаас бас төлөх хариуцлагын төлбөр гэсэн асуудал яригдаж байгаа. Би чинь бас ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлсэн. Өртөг зардал ихтэй, асар их үнэтэй эмчилгээ. Өмнө нь нэг иргэн хамтын төлбөртэй байх үед бараг 20-30 сая төгрөг төлдөг байсан. Тэрний өмнө Монголд эмчилдэггүй байсан болохоор хашаа, байшингаа зараад л гадагшаа явж байсан. Монголдоо эмчилдэг болсон ч хамтын төлбөр нь 20, 30 сая байхаар хөөрхий хашаа, байшингаа бас зарж л байгаа байхгүй юу. Амьд явахын тулд ямар хэцүү гэж санаж байна.
Бид чинь яг фронт дээр ажилладаг ул. Өвчин зовлон тусаад, мөнгө байхгүй улсуудыг эмчлэх мөнгөгүй байна гэдэг ёстой гутамшиг. Өнөөдөр 4 сая төгрөг төлөөд, 130 сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Бага төлбөртэй эмчилгээ байх юм бол 10 хувь нь гэхлээр 100 мянган төгрөгийн 10 мянгыг төлчихвөл хамтын төлбөр ороод, ямар ч байсан ингээд болж байгаа юм. Ийм тал байгаа.
Хоёрт, өөрөө аягүй чухал сэдэв хөндлөө. Ер нь танай салбар гэж биш, манай Монголын эрүүл мэнд гэж яриарай. Танай манай гэх юм байхгүй.
-Сэтгүүлзүй чинь манай салбар болчхож байгаа юм. Та бол том төлөөллийн нэг нь.
Бид энэ эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөхдөө бид байшин барилга барих биш, гүйцэтгэсэн санхүүжилтээрээ тухайн эмнэлэг нь өөрөө орлого олдог, шинэ технологи нэвтрүүлдэг, ажилчдадаа өндөр цалин өгч чаддаг, чанараараа өрсөлддөг, ийм шударга тогтолцоо бүрдүүлэх гэсэн юм. Энийг чинь бид зохиогоогүй шүү дээ. Дэлхийг дуурайж байгаа. Хамгийн сайн дурайж дагасан нь БНСУ. Тэр тогтолцоог бид дуурайх гэж оролдож байгаа. Энэ дээр нэг дутаад байгаа зүйл бол Т.Мөнхсайхан сайд бас зөв л хэлээд байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3 хувиас дээш гарчихъя гээд яриад байгаа. Тэгээд энэнээс дээш гараад ирэх юм бол энэ санхүүжилт чинь бас нэмэгдэнэ. Энэ чинь намайг анх гишүүн байхад 450 тэрбум төгрөг байсан шүү дээ. Өнөөдөр 2.5 их наяд.
-Одоо нэг 6 их наяд руу аваад оччихвол тусламж үйлчилгээ бүр хүртээмжтэй болно
Тийм. Нэлээд сайн болно. Дээрээс нь бид өртөг зардлаа зөв тооцдог болох хэрэгтэй. Тэнд чинь тэр байшин барилга, урсгал зардал, хүний хүч хөдөлмөр, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол гээд аягүй олон зүйл орж байгаа. Тэрийгээ зөв тооцдог болоод эхэлчихвэл улсын, хувийн эмнэлэг ялгаа байхгүй хэн ч хөрөнгө оруулсан би ийм хэмжээний санхүүжилтээр хүн эмчлээд санхүүжилт аваад, энэ байшингаа гоё болгох юмаа гэдэг итгэл үнэмшил төрүүлсэн тогтолцоо бидэнд одоо хүлээгдээд байгаа вм. Гэхдээ энэ рүү одоо орчихсон шүү.
-Аажмаар орж байна. Төсөвтэй холбоотой нэг зүйл дээр иргэд маш их гомдол мэдүүлдэг. Нэг сар хүлээхээр байна. Ээрүүл мэндийн даатгалаа ашиглая гэхээр хүлээх болоод байна. Энэ хооронд өвдөөд байна, зовоод байна. Гэтэл мөнгө нь байхгүй болчхоод ингээд байгаа юм уу гэтэл байгаа юм билээ. Анхнаасаа хүрэхээргүй жаахан тавьчихсан. Тэрнээсээ шалтгаалаад, эмнэлгүүдэд квот тогтоогоод байгаа юм байна лээ.
Одоо эмч мэргэжилтэй 6 хүн УИХ-д байна. Та бүхэн маань иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаараад, төсөв санхүүжилт дээр нь анхаараач. Маргаан мэтгэлцээнээ шийдвэрлээд, хамтраад урагшаа явах уу. Е нь юу гэж харж байна, та?
-Тэгэлгүй яахав. Хөшигний ард байнга яригдаж байгаа зүйл. Тэгээд л байнгын хороодоор ярьж байна. Зориуд та бүхэн бас ингэж асуугаад байдаг учраас зориуд бас сошиал дээрээ пэйжээрээ байнга тавьдаг болсон. Ухраагаад харах юм бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг танахгүй гэдэг хатуу байр суурьтай чуулган дээр хүртэл үг хэлж л байсан. Өнгөрсөн хугацаанд Т.Мөнхсайхан сайдын хэлсэн нэг айхтар үг байна лээ. Бид 360 тэрбум төгрөгийн өртэй. Ковид цар тахлын үед баахан шууд худалдан авалт хийгээд тэрийгээ одоо бид нөхөж байна. Тэгж хэлсэн шүү дээ. Чуулган дээр хүртэл хэлсэн.
Тэр бол их ноцтой мэдэгдэл. Даатгуулагчийн эрхэнд халдаж байгаа зүйл. Төрөөс даах ёстой тусламж үйлчилгээ, цар тахлын үед зарцуулсан мөнгөө одоо эмнэлгийн тусламж авах ёстой даатгуулагчийн мөнгөнөөс урьдчилж аваад, тэрийгээ нөхөөд явж байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ.
–Тэрнээс нь шалтгаалаад оочир дугаар үүсээд хүн өвдөөд байна шүү дээ. Одоо байгууллагуудын 20-30 хувийг нь танаад байгаа шүү дээ. Гүйцэтгэлийг нь өгөхгүй. Элдвийн шалтаг хэлээд, танасан мөнгөөрөө нөгөө баахан шууд худалдан авсан цоорхойгоо нөхөөд байгаа юм уу. Энэ чинь юу гэсэн үг юм. Их хурлын гишүүн бидэнд асуулт асуух эрх байдаг. Яг одоо тэр хэлсэн протоколынх нь дагуу асуулт асуусан. Эндээ хариулаа. Юу гэсэн үг юм.
-Асуултаа та хэзээ тавьсан?
Өчигдөр.
-21 хоногийн хугацаанд эргээд танд мэдэгдэх нь байна шүү дээ.
Тэгнэ.
-Тэр эмтэй холбоотой зүйлийг дахиад та хөндөж байна. Та нэг шагийн эм оруулж ирлээ гээд яриад байсан. Та яг ямар баримтаар ямар зүйл ярьчхав аа?
Яг үнэн. Энэ баримт дотор чинь хэдэн төгрөгөөр оруулж ирдэг гэсэн үнийн жагсаалт нь байж байгаа. Өөрөө тэгж хэлсэн байхгүй юу. 60-80 хувь хөнгөлсөн эм гээд байгаа шүү дээ. Аягүй их хөнгөлсөн байгаа биз. Тэр 23 төрлийн эмийн үнийг нь ард нь жагсаачихсан байгаа. Камер дээр үзүүлж болно шүү.
-Та үзүүлчих?
Жишээ нь: Энэ UNICEF-ийн үнийн саналыг өөрт чинь үзүүлье. Би нэлээн олон төрлийн эм гэж хэлсэн шүү дээ. Энэ захиа нь. 2024 оны 6 дугаар сарын 13-нд UNICEF-ээс хариу ирж байгаа юм. Нөгөө эмийн агентлаг чинь 23 төрлийн эм биш шүү, 130 гаруй төрлийн эмийн үнийг бууруулах гээд хэлэлцээр хийсэн юм. Үүний үнэ 60-70 хувийн хөнгөлөлттэй үнэ гээд ийм хариу захиа ирсэн. Тэгсэн манай хүний 5 үйлдвэрийн үнийн хөнгөлөлтийг харахаар нөгөө сахарын “Дапаглифлозин” эмийг “Биофарм” гэдэг компаниас оруулж ирж байгаа. Ширхгийн үнэ нь 12 цент. Энэ чинь 15 мянга орчим төгрөгийн үнэтэй эм. Тээврийн зардал энэ тэр гээд ЭМДС-гаас үнийг нь 60-70 хувь хөнгөлөөд, 6000 төгрөгөөр хүний гар дээр очиж байгаа.
Энийг битгий хольж яриарай. 60, 70 хувь хөнгөлсөн гэдэг нь тухайн үйлдвэрлэгч эмийн үнээ 60, 70 хувь хөнгөлөөгүй. Манайх ЭМДС-гаас ингэж хөнгөлсөн юм. ЭМДС-гаас эмийн үнэ хөнгөлөхөд өнөө жил 170 тэрбум төгрөг тавьсан. Энэ аягүй чухал программ байхгүй юу. Анх намайг 2020 онд Их хурлын гишүүн болоход, эм хөнгөлөхөд ЭМДС-гаас 39 тэрбумыг зарцуулдаг байсан юм. Түүнээс хойш нэмэгдсээр байгаад 171 тэрбум болчхоод байгаа юм. Энэ бол архаг өвчтэй, тогтмол эм уудаг улсуудыг тэтгэврийнхээ мөнгийг бүгдийг нь эмэнд юүлэхгүй байх бодлого л байхгүй юу. Даралт, сахарын эмийг өвчтөнүүд тогтмол ууж байгаа. Тэгээд ийм чанартай, хямд эм ууна гэдэг чинь сайн зүйл.
Гэхдээ бодитой бай л даа. Хууль журмынх нь дагуу хий. Би дургүйцээд байгаа юм биш. Хууль журмынх нь дагуу зөв хий л гэж яриад байна. Монголд хүн засагладаг биш, хууль засагладаг байх ёстой. Эхлээд олон улсын байгууллагаас үнийг нь судлаад, эм авчих. Тэнд байхгүй байвал үйлдвэрлэгчээс худалдан ав гээд байгаа юм.
-Та АТГ-д өгсөн юм уу?
УЕПГ-т хамаарлынх нь дагуу шилжүүлчихсэн.
-Яагаад ер нь прокурорт өгчихсөн юм. Уг нь албан тушаалын хэрэг АТГ хамгийн түрүүнд очоод, тэнд шалгаад, прокурор хянаад, хэрэг болох уу болохгүй юу гээд явах ёстой.
Яах вэ. Хамаарал бүхий газрыг нь хуваарилж, хянах эрх нь УЕПГ-т бий. Тэр утгаараа процессыг бүхэлд нь хянаасай гэдэг үүднээс УЕПГ-т өгсөн. Тэр нь холбогдох байгууллагууд руу, АТГ-аас өөр байгууллага руу ч өгч болно шүү дээ. Дээрээс нь бас аудитын хяналт орчихсон шүү дээ. Тэрний тайланг бас хүлээж байна. Өнөө маргаашгүй гарна.
-За гарахаар нь та нээлттэй мэдээллээрэй.
Мэдээлнэ.
-П.Батчулуун эмчийн асуудал өнгөрсөн 4-р сард олон нийтийн хувьд анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Иргэдэд туслахын тулд, тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч маань шоронд орчихлоо, ял авчихлаа гээд манай эмнэлгийн байгууллагын төлөөллүүд, та ч гэсэн ярьж байсан. Та ер нь сүүлд хэзээ уулзав. Нөхцөл байдал ямархуу байх шиг байна.
Дээд шүүхээр асуудлыг хэлэлцэхээс өмнө нэг уулзсан. Сүрьеэгийн эмээ ууж байгаа. ХӨСҮТ-д байгаа. Сэтгэл санаа яаж л тавтай байх вэ дээ. Дээрээс нь би нэг баярласан зүйл бол УДШ асуудлыг авч хэлэлцэх болсон. Энэ бол том дэвшил. П.Батчулуун гэдэг хүн ганцаараа энэ асуудлын гол цөм нь биш шүү. Би эрт дээр үеэс мэднэ. Бид хоёулаа мэс заслын эмч. Дээрээс нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа, эрхтэн суулгах албаны 80 гаруй хүн ахлаад, өөрөө гарын үсэг зураагүй хэрнээ тэр 80 хүний өмнөөс хариуцлага хүлээж байгаа шүү дээ. Өөрөө тэр эрхтнийг аваад, хагалгаа хийдэггүй хэрнээ эрүүл мэндийн салбарын эрхтэн шилжүүлэх тогтолцоог хөгжүүлэх гэж зүтгэж яваа хүн. Тэгтэл Эрүүл мэндийн сайд нь ар гэрийнхэнд нь “Та нар дуугүй бай. Асуудлыг битгий хөнд. Битгий шүүхийн шийдвэрт нөлөөл” гэсэн байгаа юм. Ингэж цэргээ хаядаг генерал байдаг юм уу.
-Яагаад тэгсэн юм бол. Ямар асуудал байгаа юм бол?
Би гайхаад байгаа юм. Яагаад салбараа өмгөөлж болохгүй байгаа юм. Яагаад гэмт хэрэг хийгээгүй хүнд хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм. Энэний өмнөөс би бүр хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулж өгсөн. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой мэргэжлийн ёс зүйн хороо ажиллуул. Тэр хороо ажиллаад эхэлсэн байсан бол энэ нь гэмт хэргийн шинжтэй юү, үгүй юү гэдгийг хэлээд өгчихнө.
-Дүгнэлт гаргана.
Дүгнэлт гаргаад өгчихнө. “Одоо тэгээд тэр дүгнэлтийг нь гаргаад өгчих” гэсэн чинь “Одоо тэрний хэрэг байдаг юм уу” гээд хээв нэг сууж байх юм. Ямар хүйтэн, ямар хүн чанаргүй, цэвдэг сэтгэл вэ. Энэ байна шүү дээ. Мэс засал хийдэг бид нарын зоригийг мохоож байгаа байхгүй юу.
Энэ асуудал эрүүгийн хэргээр шийдэгдэх юм бол би хүнд хагалгаа хийхээс айна. Хүнд өвчтэй хүнд хагалгаа хийдэг. Хүнийг аврах эрсдэлтэй шүү дээ. 100 хувь эмчилчихгүй. Би бурхан биш шүү дээ. Алдаа гаргавал би ингээд адилхан ял үүрээд явах юм уу. Эрүүгийн гэмт хэрэгтэн болоод явах юм уу.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг чинь өөрөө асар их эр зориг шаарддаг. Хүнд хүнд хүмүүс ирнэ. Зүгээр хүн ирэхгүй шүү дээ. Тэрийг яах юм. Эмчлэхээсээ би айх юм уу. Одоо би ял авчихна гээд айгаад зогсож байх уу. Энэ бол салбарыг тэр чигт нь айдаст хүргэж байгаа зүйл. Ингэж болохгүй. Тэр ч утгаараа би өмгөөлөх ч болно, хэлэх ч болно. Монголын эмч нар бид П.Батчулуун эмчийгээ гаргана гэж би хэлсэн. Одоо ч тэр үгэндээ байгаа.
-За, баярлалаа. Эрүүл мэндийн салбартай холбоотой, болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдвэрлээд, зөв үргэлжлүүлэхийн төлөө ярилцлагад маань хүрэлцэн ирээд, тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ер нь хоёр хүний хоорондын хэрүүл биш байгаасай. Эрх ашгийн зөрчил бас биш байгаасай. Энэ салбараас шалтгаалж байгаа, энэ салбарыг харж байгаа энэ олон мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хууль дүрмийн дагуу 100 хувийн хүртээмжтэй, илүү сайн хүрээсэй.
Түүнээс биш Т.Мөнхсайхан гэдэг хүнээр Ж.Чинбүрэн гэдэг хүний талаар яриулаад л, Ж.Чинбүрэн гэдэг хүнээр нөгөө талыг нь яриулаад байгаа зүйл биш. Урилга хүлээж авсанд баярлалаа.
За, баярлалаа. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах гэж байгаад баярлалаа. Ер нь эрүүл мэндийн салбар бол Монгол Улсын нэг номерын асуудал шүү. Энийг сайжруулах туйлын эрх ашиг, сонирхол надад байгаа гэдгийг би дахин хэлье. 3.6 сая иргэн Монголдоо санаа зоволтгүй, итгэлтэйгээр эмчлүүлдэг, эм тангаа хэрэглэж чаддаг ийм сайхан нийгэм удахгүй бий болно гэдэгт эргэлзэхгүй байна.
2025-05-16 01:37:29
Үнэндээ энэ заалт ямарч хэрэгцээгүй ш дээ . Чинбүрэн өөрөө сайд болсон бол хуулийн энэ заалтаар бизнес хийх зорилготой байсан юм байна ш дээ.