Казакстан улсын Астана хотноо болж буй 1.250.000 долларын (4.4 тэрбум төгрөг) шагналын сантай “PGL Astana” тэмцээний шөвгийн наймын тоглолтод Монголын “The MongolZ” баг турк тамирчидтай, Сербид төвтэй “Aurora” багт 2:0 харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд тэмцээний 5-8 байр эзэлж 62500 доллар буюу 223 сая төгрөг авч байна.
Манай баг хожигдож явсан хэдий ч араас нь сайн нэхэж, нэмэлт цаг гаргасан. Гэсэн ч эцсийн мөчид “Aurora” баг хожлоо. Ингэснээр тус баг шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.
Дээрх хоёр багийн тухайд 2024 оноос хойш нийт зургаан удаа учраа таарсан. Үүнээс дөрөвт нь манай баг хожсон үзүүлэлттэй байсан юм.
The MongolZ багийн дараагийн тэмцээн болох “IEM Dallas 2025” тавдугаар сарын 19-нд эхэлнэ.