horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Ч.Чимэгсувд: Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхдийнхээ амь насыг алдах шахлаа

post-img

Иргэн Ч.Чимэгсувд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв буюу Яармаг дахь 300 ортой эмнэлгийн хаалгаар хоёрхон сартай нялх үрээ эмчлүүлэх гэж тэвэрч ороод, эмч нарын хариуцлагагүй, хайнга, сэтгэлгүй, мэдлэггүй байдлаас болж, амь насыг нь алдах шахаад зогсохгүй эрүүл мэндээр нь маш ноцтой хохироогоод, хорвоог харах хоёр нүднийх нь нэгийг харахгүй болгочхоод насаар нь өвчтэй болгоод гарч ирлээ хэмээн цахим хуудсаараа бичжээ.

Тэрээр 5-р сарын 3-ны өдөр 2 сартай хүү маань өндөр халуурч, 300 ортой эмнэлэгт үзүүлэхээр Яаралтай тусламжийн тасагт ирж, Одгэрэл гэх эмчид үзүүлсэн. Хүүд минь олигтой үзлэг хийлгүй, “Хатгаа эхэлж байна” гэж худлаа оншилж, хэвтүүлэхээр болсон. Ингэхдээ “Маргааш буюу 4-ний өдрийн 12 цагт бэлдэж ирээд хэвтээрэй” гэсэн. Шөнө нь хүү минь уйлаад олигтой унтаагүй тул бид өдрийн 12 цагийг хүлээлгүй 300 орт орж хэвтэхээр ирээд, шууд Нярайн тасагт хэвтсэн. Хүүг минь Нярайн тасгийн эрхлэгч эмч Тунгалаг үзээд, шинжилгээ авч, зулай болон хэвлийн ЭХО-д харж, цусны шинжилгээ аваад, хариуг нь танилцуулаад, эмчилгээ хийж эхэлсэн. Гэсэн ч хүү минь улам уйлсаар оройн 5-6 цагийн үед биеийнх нь байдал муудаж, өрөөсөн нүд нь чичигнэж, анилдсаар маш хүчтэй татсан. Тунгалаг эмч, сувилагчтай хамт өрөөнд орж ирээд, арга хэмжээ авч, тайвшруулах эм уулгаж, дусал тариа хийж унтуулаад, тэр шөнөдөө ажиглаад хоносон. Өглөө сэрэхдээ миний хүүгийн баруун нүд нээгдэхгүй, биеийн байдал маш сулбагар, толгойгоо ч сайн даахгүй байдалтай сэрсэн. Тунгалаг эмч үзээд, “Хүчтэй таталт өгсөн болохоор нүд орчмын мэдрэлийн судас жаахан гэмтсэн эсвэл булчин нь чангарсан юм уу суларсан байх. Сүртэй зүйл байхгүй. Харвалт өгсөн бол тал бие нь тэр чигтээ саажаад хөдөлдөггүй юм. Танай хүүхдийн 4 мөч хөдөлж байна. Тэгэхээр ямар ч харвалт байхгүй. Аяндаа зүгээр болно. Нүд нь нээгдэнэ” гэж хэлсэн. Би Тунгалаг эмчийн энэ үгэнд итгэж байсан. Маргааш нь буюу 5 сарын 5-нд Эрчимт эмчилгээний тасгаас 2 эмч орж ирж, хүүг минь үзээд “Хүчтэй таталт өгсөн бол нугаснаас ус авахад гэмгүй шүү. Дахиад татвал Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг руу авна” гэж хэлсэн. Гэхдээ маргааш нь Эрчимтийн тасгаас хүүг минь асууж залгахад Тунгалаг эмч “Эрчимт рүү авах шаардлагагүй. Биеийн байдал нь тогтворжсон” гэж хэлсэн байсан. Үүнийг сүүлд нь бид мэдсэн. Надад ч мөн тэгж хэлсэн.

Ингээд 5 сарын 4-9 хүртэл Нярайн тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн ч биеийн байдал дээрдэхгүй, баруун нүд нээгдэхгүй байсаар 5 сарын 9-ний өглөөнөөс хүү минь дахин халуурч, уйлагнаж эхэлсэн. Тунгалаг эмчид “Хүү минь зовиуртай байна. Бие нь маш сулбагар. Толгойгоо ч даахгүй байна” гэдгийг хэлсээр байсан. Гэтэл хүүг минь харчхаад “Танай хүүхдэд харвалт байхгүй ээ. Таталтаас үүдэлтэй нүдний булчингуудын түр зуурын цочрол. 2, 3 хоногоос нойрны эм уухаа болиод ирэхээр нүд нь нээгдээд, буцаад сэргэлэн цовоо болоод ирнэ” гэдэг юмаа ярьсаар байсан.

Гэвч 9-ний өглөөнөөс хойш халуурч эхлээд, халуун нь буухгүй уйлаад байсан болохоор дахин шинжилгээ авч, зулайн ЭХО-д харуулж, ийш тийш нь авч явсаар байсан. Зулайн ЭХО-гоор хүүгийн минь тархинд юу илэрснийг хэлээгүй. Ингээд 17-18 цагийн хооронд Эрчимт эмчилгээний тасгийн 2 эмч ирж үзээд хүүг минь тархины томографт харж, “Нугаснаас ус авна. Дараа нь Эрчимт эмчилгээний тасгийн Сэхээний өрөө рүү авч явна. Тархинд цус харвасан байж магадгүй. Хүүхдийн чинь бие муу байна” гэж хэлээд сувилагч нар хүүд минь хүчилтөрөгч залгаад авч явсан.

Энэ үед Тунгалаг эмчийн ажил тарах цаг болж сувилагч нартаа “Юу болсныг надад хэлээрэй” гэж захиад гараад явчихсан. Тархины томографид харж, нугаснаас ус авсан шинжилгээний хариу тухайн орой яаралтайгаар гарч, “Хүү минь аль хэдийнэ тархиндаа хэд хэдэн газраа харвалттай. Бүр тархины гол судас харвасан. Үүнээс үүдэлтэй менингит болсон. Биеийн байдал маш хүнд, найдлага бага, амь нас яригдаж байна. Ар гэрийнхнийг нь дуудаж уулзуулах хүмүүсээ уулзуул” гэдэг аймшигтай хариуг сонссон. Хүү минь 5-р сарын 4-нд Нярайн тасагт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн өдрөө хүчтэй таталт өгөхдөө аль хэдийнэ тархиндаа харвасан байсныг Тунгалаг эмч бүхэл бүтэн 5 хоног “Харвалт байхгүй” гэж хэлсээр цаг хугацаа алдуулж, миний хүүг үхэх аюултай нөхцөл байдалд хүргэсэн байсан.

Азаар хүү минь Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нарын ачаар үхэх аюулаас холдож, биеийн байдал нь сайжирсан ч баруун нүдний зовхи нээгдээгүй хэвээр. Хүүхэн хараа томорч, гадагшаа хялар болж, харахгүй байдалтай. 2 гарын атгалт сул. Ялангуяа баруун гар огт атгалт байхгүй, хүчгүй. Зарим үед анхаарал маш сул. Цаашид тогтмол таталтын эм ууж, эмнэлгээс гараад үргэлжлүүлэн Сэргээн засах эмчилгээ хийлгэж, байнга мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай болсон” Ийм зүйл эмчээс сонсоход үнэхээр хүнд байсан.

Би Тунгалаг эмчид дахин итгэхгүй, айдастай байсан тул 5-р сарын 24-нд Эрчимт эмчилгээний тасаг руу буцаж шилжээд, тэндээ эмчилгээгээ дуусгаад, 5-р сарын 28-нд эмнэлгээс гарсан.

Эмнэлгээс гараад, яг нэг хоноод, 29-ний өдөр хүү минь аймшигтай таталт өгч, амьсгалж чадахгүй, хөхөрч хөшсөн байдалтай болсон. Энэ нь хүүгээ өөр дээрээ авснаас хойш анх удаа таталт өгсөн тохиолдол. Бид яаралтай түргэн тусламж дуудаж, ЭХЭМТ буюу Эх нялхаст ирж үзүүлээд, шууд хэвтсэн.

Хүү минь энэ олон хоногийн хугацаанд 300 ортой эмнэлэгт байхдаа дусал тариа өдөржин залгуулж, тэрнээсээ болж маш их хавагнаж, томографт харуулж, 2 удаа нугаснаасаа ус авхуулсан. 5-р сарын 29-нд Эх, нялхаст ирээд, энэ бүх зүйл дахиад л давтагдаж, дахин нугаснаас ус авахуулж, томографт харуулж эмчилгээ хийсээр байна. Мэдрэлийн эмч хүүг минь үзээд “Биеийн баруун тал саажаад эхэлчихсэн байна. Томографын хариугаар тархинд усжилт үүссэн байна” гэсэн. Үнэхээр аймшигтай.

Одоогийн байдлаар би хүүтэйгээ Эх, нялхаст хэвтэн эмчлүүлж, шинжилгээнүүд өгч, эмчилгээ хийлгэж байгаа ч дахиад хүүд минь ямар хүндрэл учирч болохыг бодохоор л аймшигтай санагдаж байна. Хүү минь унтаж амарч ч чадахгүй, тайвшруулах эм тариа хийж байж унтуулсан байдалтай бараг бүтэн сар боллоо.

Тунгалаг эмч миний хүүг олон удаа хохироож, өнөөдрийн ийм байдалд хүргэсэн. Хүү минь тархиндаа маш олон газраа харвалт өгч удсанаас менингит болтлоо хүндэрч, хөдөлгөлгүй байх ёстой байсныг нааш цааш нь явуулж, ЭХО шинжилгээ гэж хөдөлгөсөөр цаг хугацаа алдаж, биеийн байдлыг нь улам хүндрэхэд нөлөөлсөн. Хүлээн авахын эмч буруу оношилж, алдаа гаргасан ч Тунгалаг эмчид хүүг минь аврах боломж зөндөө байсан. Хүүг минь хүнд байгааг мэдсээр байж, цаг алдалгүй Эрчимтийн тасаг руу яаралтай шилжүүлсэн бол бид өнөөдөр хүүгээ эрүүл саруул тэврээд сууж байх байсан.

Шат шатандаа ийм хайнга хариуцлагагүй эмч нар ажиллуулж байгаа ЭНЭҮТ (300 ортой эмнэлэг)-ийн дотоод хяналт ч мөн маш муу байгаа нь эдгээр эмч нарын аймшигтай хариуцлагагүй үйлдлээс харагдаж байна. Энэ том, улсын эмнэлэгт чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй эмч нар ажиллуулж, хүүг минь хохироосон ЭНЭҮТ ч мөн хариуцлага хүлээх ёстой. Анх үзүүлэхээр очиход үүднээсээ авахуулаад хүүд минь хариуцлагагүй, хайнга хандсан бүх эмч нарт би гомдолтой байна.

Би хүүгээ эмчлүүлэх гэж эмнэлэгт очсон болохоос эрэмдэг зэрэмдэг болгох гэж эмнэлэгт очоогүй. Өнөөдөр миний хүү бяцхан биедээ баймгүй ихээр зовж, шаналж байна. Хүүгээ хараад өрөвдөж, уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байгаадаа гутарч байна” гэжээ.

0/1000