Бид өмнөх нийтлэлээрээ сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт үүсээд буй баг, тамирчдын гэрээний асуудлыг хөндсөн билээ. https://time.mn/n/111472 (энэ линкээр орж уншаарай)
Тэгвэл энэ удаа үүсээд буй асуудлыг шийдэх гарц, гаргалгаа болон спортын агентын талаар хөндлөө. Ерөнхийдөө манай улсад спортын агент гэдэг нэр томьёо, ажлын байр байхгүй. Аль ч спортын төрөлд энэ мэргэжил дутагдаж буй учраас баг, тамирчдын хооронд гэрээний асуудал үүссээр… Энэ нь агентын хэрэгцээ, шаардлага байгааг харуулж буй ч орчин нь бүрдээгүй байна.
Чөлөөт агент гэж юу вэ?
Чөлөөт агент (Free Agent) гэдэг нь багтайгаа хийсэн гэрээ нь дууссан эсвэл хүчингүй болсон тоглогчийг хэлж буй юм. Чөлөөт агент болсон тохиолдолд бусад багтай шинэ гэрээ байгуулах эрхтэй, мөн зарим тохиолдолд хуучин баг нь давуу эрхтэйгээр гэрээ байгуулах боломжтой.
Тоглогчид чөлөөт агент болсноор илүү өндөр цалин авах, урт хугацааны гэрээ байгуулах боломжтой байдаг. Харин багууд тэднээр дамжуулан хүчээ зузаатгаж, эгнээгээ тэлдэг. Мөн зах зээл дээр үнэ цэн нь өссөн чөлөөт агентыг авахын тулд багуудын дунд ширүүн өрсөлдөөн үүснэ. Энэ бол аль ч спортын төрөлд байдаг зүйл.
НБА-д чөлөөт агент, спортын агентын зах зээлийн зарчмаар бүх үйл явдал өрнөдөг. Тодруулбал: Алдарт Леброн Жэймс 2010 онд чөлөөт агент болж, “Майами Хийт” баг руу шилжиж байв. Мөн Кевин Дюрант 2016 онд “Голден Стэйт Уорриорс”-тэй нэгдсэн. Харин хөлбөмбөгт 2021 онд “Барсалено” клуб санхүүгийн асуудлаасаа болж, Месситэй гэрээгээ сунгаж чадаагүй. Месси чөлөөт агент болж, Парисен Жермэнд очсон.
Эдгээр нь чөлөөт агентын зах зээл олон улсад хэрхэн байдгийн тод жишээ. Харин Монголд энэ зах зээл хөгжөөгүй байна. Чөлөөт агент болсон тамирчид хууль эрх зүйн мэдлэггүй, мөн МСБХ-ноос агентын зах зээлийн тодорхойлсон дүрэм журам байхгүйн улмаас сүүлийн хоёр улиралд тамирчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэрээний асуудал ихээхэн гарч байна. Тиймээс сагсан бөмбөг төдийгүй бусад спортын төрөлд спортын агентын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Спортын агент хэрхэн ажилладаг вэ?
Спортын агент нь тоглогчийн өмнөөс ямар нэг багтай хэлэлцээ хийж, гэрээ байгуулна. Ингэхдээ цалин, урамшуулал, сурталчилгаа, ивээн тэтгэгч гээд бүх гэрээг удирдан зохицуулж, хуулийн заалт, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг тамирчинд ашигтай байдлаар хийх ажлыг гүйцэтгэдэг.
Мөн спортын агентаас гадна менежер, спортын хуульч, PR маркетингийн мэргэжилтэн бүхий агентлагийн бүтэн баг ч ажилладаг. Тэд тус тусдаа өөрсдийн үүргээ гүйцэтгэдэг. Жишээлбэл: Менежер нь тамирчны цагийн хуваарь, сурталчилгааны арга хэмжээ, бэлтгэл болон бусад ажлыг зохицуулдаг бол хуульч нь том гэрээ хэлцэл, ивээн тэтгэгчтэй холбоотой хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг. Гадаадын олон улсад зарим тамирчин агентлагийнхаа багт хувийн хуульчтай байдаг.
Монголд энэ зах зээл байхгүй учраас тамирчид хувиараа гэрээ байгуулах, хоёр багтай давхар тохиролцоо хийх, багууд өөрсдийнхөөрөө бэлтгэсэн гэрээнд тамирчнаар гарын үсэг зуруулах зэргээр аль аль талдаа мэргэжлийн бус зарчмаар эрсдэлтэй нөхцөлд шилжилт, хөдөлгөөн хийж байна. Жинхэнэ утгаараа спортын агент мэргэжлээр ажиллаж буй хүн өдрийн од мэт ховор. Гэрээ хэлцэл нь зөвхөн холбооны дүрэм дээр л тулгуурласан байгаагаас аль аль талдаа хуулийн цоорхой үүсэж асуудал тарьж байгаа юм.
Цаашдаа сагсан бөмбөгийн лигийн цар хүрээ томорно. Багуудын төсөв гэхэд жилээс жилд өсөж, үүний зэрэгцээ тамирчдын цалин хөлс ч сайжирсан. Нэг үеэ бодвол спортоор хоолоо олж идэхгүй гэдэг үг хүчгүйдэж, мэргэжлийн тамирчны хувиар амьдра боломж бүрдсэн. Тиймээс спортын агент гэх мэргэжлийн баг бүрэлдэхүүн, агентлаг манайд хэрэгтэй байна. Хэрэв спортын агентлагийн үйл ажиллагааг хуульчилбал тамирчин болон багт аль алинд нь ашигтай. Гадаадаас легионер тамирчид олон ирдэг болсон энэ цагт гэрээ, хэлцэл олон улсын түвшинд байж гэмээнэ манай лигийн нэр хүнд ч гадаадад сайшаагдана. Монгол тамирчид ч гадаад руу легионер тамирчнаар очиход, агентын туслалцаа зайлшгүй шаардлагатай.
Иймд нэн тэргүүнд тамирчдын эрх ашгийг хамгаалдаг спортын агент ажиллуулах, спортын агентлаг байгуулах эсвэл холбоо дэргэдээ агентын алба гаргах зэргээр үүсээд буй асуудлыг шийдвэрлэх боломжтой. Энэ бол гадаадын олон улсад буй зах зээл. Үүнийг л Монголдоо хөгжүүлчихвэл сагсны лиг болон бусад төрлийн спортод ч баг, клуб тамирчин цаашлаад ивээн тэтгэгч гээд бүгд нэг тогтолцоонд шилжиж, эрх ашгаа хамгаалдаг, шийдвэрлүүлдэг, хууль бус маргаан зөрчлөөс ангид байх боломж бүрдэх юм.